
Мөн соёлын арга хэмжээний хүрээнд Хархорины Эрдэнэ зуу, Орхоны хөндийн түүх дурсгалт газрууд, Хөшөө цаадам зэргийг үзэж сонирхохоос гадна Монгол үндэсний наадам, Үндэсний музей, Төв номын сангийн ховор хуучин, үнэт номын үзэсгэлэн зэргийг үзэж сонирхдог. Зуны сургалтын гол арга хэмжээний нэг нь Монгол улсын болон гадаадын залуу судлаачдын дунд эрдэм шинжилгээний олон улсын бага хурал зохион байгуулж өөрсдийн судалгаа, шинжилгээний талаар эрдэм шинжилгээний илтгэл тавьж хэлэлцүүлдэг. Энэхүү Гадаадын залуу монгол судлаачдын зуны сургуулийг зохион байгуулснаар сургалтад хамрагдсан залуу судлаачид нь монголын нүүдэлчдийн хэв шинжит амьдралтай танилцахаас гадна ирээдүйн судалгааныхаа чиглэлийг тодотгох, монгол улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэдтэй цаашид хамтран ажиллах өргөн бололцоог олгодог билээ. Мөн хилийн чанад дахь монгол судлалыг өргөжүүлэн, түгээн дэлгэрүүлэх ихээхэн ач холбогдолтой юм.