-Хувьцаа гэж юу вэ?
-Хувьцаа гэдэг нь компанид тодорхой хөрөнгө оруулах замаар хувь эзэмшиж байгааг нотлох бөгөөд эзэмшиж буй хувьцаанд ногдох санал өгөх, ногдол ашиг авах, өгөөж хүртэх зэрэг үндсэн эрхээр баталгаажсан хөрөнгө юм. Хувьцааг эзэмшиж буй этгээд болох хувьцаа эзэмшигч нь тодорхой хуульд заасан эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд хувьцаа нь хөрөнгө учир эд хөрөнгөнд байдаг шинжүүдийг мөн агуулдаг. Хувьцааг төрлөөр нь энгийн болон давуу эрхтэй, хэлбэрээр нь биет болон биет бус гэж ангилдаг бөгөөд өөр хоорондоо тодорхой ялгаатай байдаг.
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр 7000, ягаан 3000 төгрөгийн хувьцаанаас юугаараа ялгаатай вэ? Ямар онцлогтой вэ?
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын компанийн хувьцаа юм. Харин 1990-ээд оны эхээр гаргаж байсан. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр /7000 төгрөг/ тасалбар нь тухайн үеийн 475 улсын үйлдвэрийн газруудыг компанийн хэлбэрт шилжүүлэн хувьчлахад тэдгээрийн хувьцааг 7000 төгрөгт багтаан худалдан авах эрхийн бичиг байсан. Өөрөөр хэлбэл хувьчлагдаж буй олон үйлдвэрийн газруудаас сонголт хийх замаар хувьцааг нь эрхийн бичгээрээ дамжуулан худалдан авч байсан бол “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа бол шууд иргэдийг хувьцаа эзэмшигчээр тооцон, бүртгэж авч байгаагаараа онцлог бөгөөд иргэн бүхэнд тэгш хуваарилж байгаагаараа ялгаатай юм.
-Иргэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хичнээн ширхэг хувьцаа эзэмших эрхтэй вэ? Өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэчнээн хувьцаа эзэмших вэ?
-Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 тогтоолын дагуу 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхээр болсон. Засгийн газрын 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны 4 дүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол улсын бүх иргэнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ 2011 онд хийж гүйцэтгэсэн.
2012 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор дээрхи хувьцааг авсан иргэдэд нэмж 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхдээ Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцно. Жишээ нь: 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хүртсэн оюутан 1072-527=545 ширхэг хувьцааг олгоно. Мөн 8040 төгрөгийг ЭМД-ын шимтгэлээр хүртсэн иргэдийн хувьцаа нь 1072 /1.0 сая төг/ – 8 /8040 төг/ = 1064 ширхэг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаатай болно.
-Хувьцааны бүртгэл хийгдсэнийг, хувьцаатай гэдгээ иргэд хаанаас яаж, шалгаж мэдэх вэ? Холбоо барих байгууллага, хаяг, утас, цахим хуудас нь байна уу?
-Хувьцааны бүртгэл хийгдсэнийг, хувьцаатай гэдгээ иргэд ҮЦТТТХТ-ийн www.schcd.mn цахим хуудсаар орж “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны бүртгэл хэсэгт иргэн өөрийн регистрийн дугаарыг монгол үсгийн фондоор, томоор бичиж оруулснаар шалгах боломжтой юм. Мөн Сүхбаатарын талбай, Монголын хөрөнгийн биржийн байр, 1 дүгээр давхар “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн Олон нийттэй харилцах албанаас мэдээлэл авч болно. Утас: 70120460
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан хишиг, хувьцаа хүртсэн тохиолдолд хэдэн төгрөг ногдох мөн хичнээн хувьцаатай байгааг ямар байгууллагаас тодруулах вэ?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан хишиг, хувьцаа хүртсэн тохиолдолд хувьцаатай эсэхээ ҮЦТТТХТ ХХК-ийн www.schcd.mn вэб сайтаар шалгах иргэд өөрийн регистрийн дугаараа оруулснаар шалгах боломжтой юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ ханшийн талаарх мэдээллийг анхдагч зах зээл эхэлсэн тохиолдолд мэдэх боломжтой ба одоогийн 933 төгрөг нь иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохицуулсан үнэ гэж ойлгож болно.
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг захиран зарцуулах эрх хэдийд үүсэх вэ? Ямар хязгаарлалт байгаа вэ? /бэлэглэх, зээлийн барьцаанд тавих асуудал/
-Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын 3-р заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан.
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллага өөрийн хувьцаагаа бусдад худалдаж болох уу?
-Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасны дараа, Засгийн газраас тогтоож өгөх хугацааг зарласнаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж нь хувьцаагаа худалдах, арилжаанд оруулах боломжтой. Дээрх хугацаанаас өмнө зөвхөн Засгийн газарт худалдаж болох бөгөөд өөр этдээд худалдаж авахыг хориглоно. Гэхдээ Засгийн газарт хувьцаагаа зарах иргэдийн хүсэлт гаргах хугацаа дууссан байгаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд хүсэлтээ 2012 оны 6 дугаар сарын 30 хүртэл гаргаж болно.
-Ямар шаардлага хангасан, хэдэн аж ахуй нэгж, хэчнээн ширхэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах эрхтэй вэ?
-УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу нэг ба түүнээс дээш татвар төлсөн улсын болон орон нутгийн өмчийн оролцоогүй, 25 хувиас ихгүй гадаадын хөрөнгө оруулалттай, 2010 оны 6 дугаар сарын 30-аас өмнө байгуулагдсан аж ахуйн нэгж хувьцаа худалдан авах эрхтэй.
-Аж ахуйн нэгж, байгууллага “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах захиалгаа хаана өгөх вэ? Ямар дансанд хувьцааны төлбөрөө шилжүүлэх вэ?
-Нэг аж ахуйн нэгжид ноогдож буй 36240 ширхэг хувьцааг Татварын Ерөнхий Газарт бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага худалдаж авах эрхтэй ба үүнээс хэтрүүлж болохгүй. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг худалдан авах аж ахуйн нэгж байгууллага нь харъяа дүүргийн татварын албанд хандан хүсэлтээ гаргах ба Брокер дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны дансаа нээлгэнэ. Ингэснээр тухайн аж ахуйн нэгжийн худалдан авсан хувьцаа чинь энэ дансанд бүртгэгдэнэ.
Хувьцааны төлбөрөө ҮЦТТТХТ-ийн 3603005 дансанд шилжүүлэх ба гүйлгээний утган дээр “Эрдэнэс Таван толгой хувьцааны төлбөр” гэж тодорхой бичих шаардлагатай. Мөн компанийн нэр, компанийн регистрийн дугаар, үнэт цаасны дансны дугаар болон худалдан авах үнэт цаасны тоо ширхэгийг заавал бичнэ.
-Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авахад ямар шаардлага тавигдаж байгаа вэ?
-Аж ахуйн нэгжүүд нь “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн төвлөрсөн хадгаламжид үнэт цаасны данс нээлгэснээр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны бүртгэл хийгдэх тул үнэт цаасны дансгүй бол Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авсан брокер дилерийн компаниудаас сонголтоо хийж үнэт цаасны данс нээлгэнэ. Данс нээлгэхэд дараах шаардлага тавигдана. Үүнд:
- Төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх хүсэлт
- Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Хуулийн этгээдийн дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах этгээдийг томилсон тухай эрх бүхий этгээдийн шийдвэр
- Данс захиран зарцуулагчийн гарын үсгийн баталгааны маягтыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.
Харин үнэт цаасны данстай аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн үнэт цаасны дансанд нь хувьцааны бүртгэл шууд хийгдэнэ.
Хувьцаа худалдан авах төлбөрийг:
Банк: ҮЦТТТХТөв
Хүлээн авагчийн нэр: ҮЦТТТХТөв
Дансны дугаар: 3603005 дансанд шилжүүлнэ.
Гүйлгээний утганд дараах мэдээллийг оруулна уу. Үүнд:
- “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа худалдан авах төлбөр гэх
- Улсын бүртгэлийн дугаар; регистрийн дугаар; төвлөрсөн хадгаламж дах үнэт цаасны дансны дугаарыг тус тус бичнэ үү. Холбогдох мэдээллийг: 70112740; 70112741утсаар авч болно.
- Хувьцааны нэрлэсэн үнэ гэж юуг хэлж байна вэ?
- Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа гэдэг нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх эрхийг нотолсон баримт юм.
Нэгж хувьцааны нэрэлсэн үнэ гэдэг нь хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгийг хувьцааны тоонд хувааж тодорхойлдог.
-Хоёрдогч зах зээл хэзээ эхлэх вэ?
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг олон улсын зах зээл дээр 2013 оны эхний улиралд худалдахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үед Монголын хөрөнгийн биржээр дотоодод арилжаалагдах хувьцааг эргэлтэнд оруулахаар төлөвлөж байна. Иймд хоёрдогч зах зээл эхлэх хугацааг 2013 оны эхний улирал гэж үзэж болно.
-Эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаар өргөдөл, хүсэлтээ гаргасан иргэд хэзээ мөнгөө авч болох вэ? Сонгуулиас өмнө өгч чадах уу?
-Үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг худалдах, иргэн бүрт “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх, Засгийн газарт худалдах иргэдийн хувьцааг худалдан авах, төлбөрийг шилжүүлэх журмыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд иргэдэд олгох төлбөрийг дээрх журмын дагуу холбогдох байгууллагууд зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Би 55 настай. Тэтгэврээ тогтоолгох гэхээр ажилласан жил хүрэхгүй байгаа учир 2002-2006 оны тэтгэврийн даатгалын шимтгэлийг “Хүний хөгжил сан”-аас шилжүүлэх хүсэлтэй байна. Иймд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт худалдаад өмнөх 5 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөрт шилжүүлж болох уу?
-Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын тухайн сарын шимтгэлийг дараа сарын 5-ны дотор төлөхөөр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөхөөр хуульчилсан учраас өнгөрсөн хугацааны шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй юм.
-Хувьцааны талаарх ойлголт, мэдлэггүйгээс болж сонголтоо буруу хийж эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт худалдах өргөдөл гаргасан. Одоо энэ өргөдлөө буцааж авъя. Өөрөөр хэлбэл хувьцаагаа эзэмших хүсэлтэй байна. Болох уу? Хаана, хэнд хандах вэ?
-Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоол батлагдаж УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог гаргах ажлыг 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг НХХЯ-нд яаманд даалгасан.
Үүний дагуу 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сум, хороодоор дамжуулан иргэдийн хүсэлтийг авч, нэгтгэсэн дүнгээр улсын хэмжээнд нийт 1.532.853 иргэн хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаар хүсэлтээ гаргасан байна. Гэвч хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтээ гаргасан иргэдийн дунд өргөдлөө буцаан авч хувьцаа эзэмших хүсэлтэй байгаа талаар иргэдээс өргөдөл ирсээр байна. Хэрэв иргэн хувьцаа эзэмшихээр шийдвэл Засгийн газарт хувьцаагаа худалдахаар өмнө нь гаргасан хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд хандан 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө буцаан авч болохыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Харин хүсэлт гаргаж амжаагүй иргэний хүсэлтийг нөхөж авахгүй ба хувьцаа эзэмших сонголт хийсэнд тооцно.
Хишиг, хувиа огт авч байгаагүй хүн дараагийн шинэ Засгийн газрын үед авч болох уу? Тухайлбал, хорих ангиас суллагдсан, асрамжийн газраас гарсан, гадаадад байгаа, бичиг баримтын зөрчилтэй иргэд мөн бичиг баримт огт авч байгаагүйгээс шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадахгүй байгаа иргэн гэх мэт…
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харъяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээнэ гэж заасан. Иймд дээрх иргэдийн хувьд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад нэр нь баталгаажин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирсэн тохиолдолд бэлнээр олгож байгаа хишиг, хувиа авах боломжтой байгаа.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 1,0 сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгох талаар 2012 оны төсөвт тусган батлагдсан. Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх хүмүүст 1,0 сая төгрөгийг хуваалгүй бөөнд нь өгч болох уу? Бөөнд нь авмаар байна, туслаач хаана, хэнд хандах вэ?
Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 1.0 сая төгрөгийг 2012 оны 2 дугаар улиралд сар бүрийн сүүлийн хагаст хувааж олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2-р улиралд багтаан олгох бөгөөд хэрэв иргэд хүсвэл улирлын сүүлийн сард нь мөнгөө бөөнөөр авах боломжтой.
Хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй иргэн нөхөж хүсэлт гаргаж болох уу?
Засгийн газрын 6 дугаар сарын 13-ны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг Үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газарт худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 3.2-д “Хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаагүй иргэнийг хувьцаа эзэмших сонголт хийсэнд тооцно” гэж заасан тул нөхөж хүсэлт авахгүй.
Оюутнууд хувьцаа авч болох уу?
Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоолын 1.3-д Хүний хөгжил сангаас хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авахаар хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн бол тухайн иргэнд ногдох хувьцаанаас хасч тооцохоор шийдвэрлэсэн. Оюутнуудын хувьд 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бүрэн аваагүй бол үлдэх хэсэгтээ хувьцаа авах эрх нээлттэй байгаа. Хэрэв 1072 ширхэг хувьцааг бүрэн эзэмших хүсэлтэй бол дээрх хасч тооцсон хувьцааны төлбөрийг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн 3603005 дугаарын дансанд төлсний үндсэн дээр сум, хорооны нийгмийн ажилтанд 2012 оны 8 дугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмших хүсэлтээ гаргах боломжтой.
Шинээр төрсөн болон нас барсан иргэнд хишиг, хувийн мөнгийг ямар хугацаагаар тогтоож өгөх вэ?
Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолын дагуу шинээр төрсөн хүүхэд болон нас барсан иргэнд тухайн онд хуваарилагдсан хишиг, хувийг бүрэн олгоно. Өөрөөр хэлбэл Хүний хөгжил сангийн тухайн жил төсөвт мөнгө нь тусгагдсан тул олгож байгаа.
Шинэ төрсөн хүүхдүүд хувьцаа авах эрхтэй юу?
Засгийн газрын 116 дугаар тогтоолд зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр заасан.
Хувьцаа авахгүйгээр мөнгөө орон сууцны төлбөрт шилжүүлж болох уу?
Засгийн газрын 116-р тогтоолд зааснаар хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй иргэдийн хувьд хувьцаагаа бэлэн мөнгө болгож авахаас гадна орон сууцны төлбөр болон банкны зээлэнд шилжүүлэх боломжтой байгаа.
Энэ тухай хүсэлтийг хувьцаа худалдах хүсэлттэй хамт авсан. 5 дугаар сарын 28-ны байдлаар 6506 иргэн орон сууцны төлбөрт, 20371 иргэн банкны зээлийн төлбөрт шилжүүлэх хүсэлтээ гаргасан. Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг худалдах, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ын дагуу аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн хувьцааны орлогын нийт дүн, иргэдийн хувьцааны төлбөр хүлээн авах хэлбэрийг харгалзан хувьцааны төлбөрийг иргэдэд олгох зарчим, дарааллыг Сангийн яам болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам шийдвэрлэнэ.
-Нас барсан иргэд хувьцаа авах уу? Нас барсан иргэний хувьцааг өв залгамжлагчид нь эзэмших үү?
-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бөгөөд ҮЦТТТХТ-д хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бүх иргэд хувьцаа эзэмших эрхтэй бөгөөд өв залгамжлалын асуудал Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулагдана.
Засгийн газрын 98-р тогтоолын дагуу 2011 оны 3 сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн, амьд сэрүүн байгаа Монгол Улсын иргэдэд “Эрднэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хийсэн. Засгийн газрын 116-р тогтоолын 1.2-т заасны дагуу 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 532 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлнэ.
2012 оны 4 дүгээр сарын 11-нээс өмнө нас барсан иргэний хувьцааны хувьд Иргэний хуульд заасны дагуу нас барсан гэрчилгээг үндэслэн нотариатчийн байгууллагад хандан өв залгамжлалын гэрчилгээг хийлгүүлэн авах бөгөөд 1 жилийн дараа өвлөх эрх нь нээгдэнэ. Энэхүү гэрчилгээ болон өв хүлээн авагчийн өргөдлийн хамт Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд өгч өвийг хүлээн авах ажлыг хийлгэдэг. Өв хүлээн авагч нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид данстай байх шаардлагатай.
-Энгийн хувьцаа буюу 1072 ширхэг хувьцааны талаар л яриад байна, Давуу эрхийн хувьцааны талаар яагаад ярихгүй байна вэ?
-Компанийн тухай хуулийн 32.3-д “Компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээх ба компани нь давуу эрхийн хувьцааг гаргаж болно” гэж заасан байдаг. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьд үүсгэн байгуулагдахдаа 15.0 тэрбум ширхэг энгийн хувьцаатай байхаар дүрэмд зааж өгсөн. Одоогийн байдлаар тус компани давуу эрхийн хувьцаагүй болно.
-Хувьцаа өгнө гэсэн Засгийн газрын баталгаа хаана байна вэ?
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн иргэн бүрт оногдох хувьцааг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” нь иргэдийн нэр дээр бүртгэсэн болно. Энэхүү бүртгэлийн дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь Хүний хөгжлийн сангийн дэвтэрт бичилт хийж баталгаажуулна.
-Хувьцааг чинь худалдаж авна гэсэн брокер диллерийн компаниуд яваад байна. Энэ хүмүүст хувьцаагаа зарах нь зөв үү?
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг брокер диллерийн компаниудад зарна гэсэн ойлголт байхгүй. Засгийн газрын 181 дүгээр тогтоолын 3 дахь заалтад захиран зарцуулахгүй байхаар тодорхой хязгаарлалтыг хийсэн тул зарж болохгүй. Брокер диллерийн компаниуд айл өрхүүдээр явж сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа болгон хувьцааны данс үнэ төлбөргүйгээр нээж эхлээд байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос доорхи мэдэгдлийг гаргасан. Үүнд: “Үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журамд заасны дагуу өөрийн үндсэн салбартаа, мөн орон нутагт үйл ажиллагаа эрхлэхээр бол салбарын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авч шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг. Сонгуулийн тухай хуулийн 37.15-д сонгогчидод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Иймд холбогдох хууль, журмын заалт зөрчин данс нээх болон бусад аливаа үйл ажиллагаагаа сонгуулийн сурталчилгаанд зориулан явуулахгүй байхыг нийт брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад анхааруулж байна. Дээр дурьдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн компаниудын талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 26-16-59 дугаарын утсаар ажлын цагаар тогтмол авч байгаа болно. Хорооноос мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах болно.