Үлэг гүрвэлийн хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгч Прийт Барара Монголоос олдсон олдворыг эх нутагт нь буцаах нэхэмжлэлийг өнгөрсөн даваа гаригт гаргасан юм. Харин өчигдөр АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны ажилтнууд олдворыг эх нутагт нь буцаах хүртэл урлагийн бүтээлүүд болон эртний хосгүй үнэт олдворыг хадгалах газарт аваачжээ. АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны Цагаачлалын болон гаалийн хууль сахиулах агентлагийн төлөөлөгч Лоу Мартинез “Үлэг гүрвэлийн олдворыг хамгаалалтад авч, хууль ёсны эзэмшигчид нь шилжүүлэн өгөх болно” хэмээн мэдэгдсэн байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн томилсон анхны өмгөөлөгч Роберт Пэйнтер “Олдворыг АНУ-ын Засгийн газрын тусгай хамгаалалтад авсан нь Монголд буцааж аваачихад том алхам” гэдгийг онцолж байгаа юм байна. Монголын говиос олдсон долоон метр урт, 2.4 метр өндөр үлэг гүрвэлийн олдворыг өнгөрсөн тавдугаар сард дуудлага худалдаагаар нэг сая гаруй ам.доллараар худалдсанаас хойш Нью Йоркийн “Heritage Auction”-д хадгалж байсан юм байна. Тиранозаурус батаарын өмгөөлөгч Прийт Барара олдворыг 1946 онд Зөвлөлт-Монголын эрдэмтэд Өмнөговиос олсон гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ. Харин олдворыг АНУ-д аваачсан хүмүүс гаалийн бичиг баримт дээр гарал үүсэл болон үнийг нь буруу бичсэн аж. Харин олдворыг шинжилсэн Монголын болон бусад орны палентеологичид үүнийг 1995-2005 оны хооронд Монголын хилээр хулгайгаар гаргасныг тогтоосон юм.
Тиранозаурус батаарыг АНУ хамгаалалтад авчээ
Монголынх болох нь тогтоогдож, шуугиан дэгдээгээд буй “Тиранозаурус Батаар” хэмээн нэрлэсэн үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрах нөхцөл боломж бүрдээд байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бол АНУ-ын Холбооны шүүгч өчигдөр байгалийн түүхийн ховор олдворыг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд шилжүүлэх захирамж гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Н.ЭНХ