Хятад улс санхүүгийн зах зээлдээ олон улсын хөрөнгө оруулагчдыг татах сүүлчийн алхмаа хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах журмаа зөөлрүүлжээ. Журмын дагуу хөрөнгө оруулалтын доод хэмжээг тогтоож, хөрөнгийн зах зээлд ороход босго болгодог олон жилийн туршлагатай байх заалтаа өөрчилсөн байна. Хятадын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө цаашид бэхжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татахыг зорьж байгаа юм байна. Хятад эдийн засгийн өсөлтөөр дэлхийд хоёрдугаар бичигддэг боловч сүүлийн үед өсөлт нь удаашрах хандлагатай болсон билээ. Хятадын Үнэт цаасны зохицуулалтын хороо гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах журамдаа өөрчлөлт оруулснаар дотоодын зах зээлийн хүчин чадлыг бэхжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээлд оруулж, тогтвортой хөгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна.
Б.Анхтуяа