Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс гэж бид ярьдаг. Гэтэл сүүлийн үед хүүхэд, залуучууд үндэснийхээ уламжлал, ёс заншлаа гээлээ гэх шүүмжлэлд өртөх болсон билээ. Тэгвэл Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх мөн дэлхийн нийтэд Монголыг гайхуулах нэгэн арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ бол наадмын дараах бага наадам гэж хэлж болох “Дээлтэй Монгол” арга хэмжээ юм. “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоороо ирэх сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол дээл өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон нь Монголчуудын оюуны цар хүрээ, соёлын түвшин өндрийг илтгэж байна. Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлчүүд зургаа дахь жилдээ ийнхүү зохион байгуулах гэж байна. Анх 1000 гаруй хүнийг хамарч байсан наадамд өнгөрсөн жил 10 мянган дээлтэй Монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Улаанбаатар чуулга” болон “Шилмэл загвар”, “Монгол костюмс”, “Торго загвар”, “Саунд оф Монголиа”, “Монгол гэр Хужирт” зэрэг компани хамтран зохион байгуулах юм. Наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг ахалж байгаа бөгөөд “Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах , хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Наадам ирэх сарын 13-ны өдөр 12.00-18.00 цагийн хооронд Д. Сүхбаатарын талбайд болох юм. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох юм. Ерөнхий спонсороор “МАТ” ХХК, мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “UBS” телевиз ажиллана. Монгол дээлээрээ бахархах, Үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагуудыг хэд хэдэн номинацаар шалгаруулж шагнал гардуулах юм. Тухайлбал, Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг шалгаруулна. Өвөрмөц шагналын сантай эл наадамд нийслэлийн удирдлагууд оролцох юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.