“Тиранозаурус Батаар”-ын дуулиан хуулийнхны чадлыг сорино

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

“Тиранозаурус Батаар”-ын дуулиан хуулийнхны чадлыг сорино

“Тиранозаурус Батаар”-ыг Монголд авчрах нөхцөл боломж бүрдээд байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн  ахлах зөвлөх П.Цагаан, БСШУЯ-ны  Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын Засгийн газрын нэхэмжлэлийн дагуу шүүхийн шийдвэр гарч Монголын говиос олдсон нь тогтоогдоод буй Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-ын хуулийн дагуу хураах шийдвэр гараад байгаа юм.  Ажил асар хурдтай өрнөж үлэг гүрвэлийн араг ясыг Монголд нь авчрах талаар яриа, хэлэлцээ ид явж эхэлжээ.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагааны мэдлээлснээр Тиранозаурус Батаарын ясыг анх Монголын хилээр хэн хэрхэн гаргаж тив, далай алгасуулан АНУ-д хүргэснийг  Америкийн хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа ажээ.  Монгол, АНУ хоёр талын ажлын хэсэг урьдчилсан байдлаар Тиранозаурус Батаарын яс 1995-2005 оны хооронд Монголоос алдагдсан байж болох талаар дүгнэлт гаргасан байна. Ямар замаар, хэрхэн хилээр хууль бусаар тогтоохоор гааль, цагдаагийнхан хамтран ажиллаж эхэлжээ. Эхний ээлжинд Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсаас  АНУ руу “гүрвэлийн яс” хэмээх шошготой бичиг баримт бүрдүүлэн олон хэсэг салган оруулсан гэдгийг тогтоожээ. 

АНУ-д байгаа хуульч М.Болорцэцэг үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдээг интернэтээс анх олж үзэн Монголынх байж магадгүй хэмээн таамаглаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл болон бусад холбогдох газруудад бичиг илгээжээ. Ц.Оюунгэрэл зөвлөх Монгол Улсын Ерөнхийлөгчид үүнийг дамжуулснаар Төрийн тэргүүний анхааралд уг үнэт олдвор орсон байна.

Монгол Улс бүр дээр үеэс үнэт олдворуудаа хамгаалах талаар хуульд тусгасан, палеонтологийн олдворуудыг гадагш хууль бусаар гаргахыг хориглосон, алдсан тохиолдолд хэрхэхийг заасан хууль, эрх зүйн маш сайн орчинтой байгаа нь Тиранозаурус Батаарыг Монголд авчрах боломжийг нээж өгчээ.

Анхлан үлэг гүрвэлийг Монголд буцаан авах талаар хүсэлт гаргахад даапаалсан, ёжилсон утга бүхий захидал цаад талаас ирж байсан байна. “Монгол гэдэг улс дөнгөж 1921 онд тусгаар тогтнолоо тунхагласан. Гэтэл энэ үлэг гүрвэл бол бүр 70-80 сая жилийн тэртээ амьдарч байсан, Монголоос урт настай амьтан. Тэгэхээр Монголд падгүй” гэсэн дээрэлхүү утгатай бичиг ирүүлж байсан ч удалгүй тэд АНУ, Монголын хууль эрх зүйн орчны өмнө бууж өгчээ. Америкийн хуулиар бол хууль бусаар үнэт олдвор дуудлага худалдаанд оруулах зэрэг тохиолдолд олдворыг хураахаас гадна эзнийг нь зургаан сараар хорих гэх мэт хариуцлага оноодог байна.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх үүнийг тайлбарлахдаа “Олон сая жилийн турш газрын хөрсөнд дарагдан чулуужих шахам болсон аварга амьтны араг ясыг хэн дуртай ганц нэг хүн  гаргаж авч чадахгүй. Эвгүй оролдвол үйрч унах магадлалтай. Зарим хэсгийг сойзоор цуглуулж их нарийн ажиллагаагаар гаргах явцдаа бэхжүүлэх ажлыг заавал хийдаг. Тэгэхээр мэргэжлийн хүн оролцсон нь тодорхой. Мөн гавлын яс нь хамгийн үнэтэй байдаг. Гэтэл гавлыг нь гэмтээснэс харвал мэргэжлийн бус хүн ч оролцож гаргасныг гэрчилдэг.

Түүнийг хилээр гаргасан ямар ч бичиг, гаалийн бүрдүүлэлт байхгүй. Энэ явдал хил, гааль, хуулийнхныг бүгдийг сэрээсэн үйл явдал боллоо. Энэ хэргийг илчлэх нь хуулийнхны чадлыг сорьсон том ажил болно. Нэг үе Монгол Улс эзэнгүй айл шиг байсан. Тэр үед иймэрхүү хэргүүд гарсан байж болно. Гэтэл өнөөдөр дэлхий “хавтгай” болж дэлхий нийтээрээ нэг орон зай, нэг мэдээлэлтэй болсны гэрч нь Тиранозаурус Батаар боллоо. Батаарын ясыг одоо АНУ-ын Засгийн газар мэдэлдээ аваад хадгалж байна. Эргүүлж авчрахад хоёр сар шаардлагатай гэж байсан ч бүрдүүлэх ажил байгаа тул илүү хугацаа шаардаж магадгүй. АНУ дахь Монгол Улсын ЭСЯ байнга холбоотой байгаа” гэлээ.

Үлэг гүрвэлийн ясыг Монголын тал худалдаж авах шаардлагыг цаад тал тавьсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч “Хулгайд алдсан адуугаа худалдаж авдаггүй. Хулгайчтай хуулийн шугамаар ярина” гэснээр байдал зөөлөрчээ. Гэхдээ тодорхой мөнгөөр худалдаж авах нь авна. Мөн хуулийн пүүст төлбөр төлөх аж. Үүний цаана Монгол Улс юмаа мэдэж буцааж авч чаддаг юм байна гэсэн мөнгөөр илэрхийлэх аргагүй байдлыг цаадуул ойлгох ёстой гэсэн юм.

“Энэ бол бидэнд мэдэгдсэн зөвхөн ганц удаагийн тохиолдол. Үүний цаана хэчнээн их ийм хэрэг байгааг одоогоор мэдэхгүй. Ямар ч гэсэн Монгол Улс үнэт нэг олдвороо өөрийн болгож чадлаа” гэж П.Цагаан зөвлөх хэлж байв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж