-Таныг алдарт “Даатгал хээр”-ийн уяач гэдгээр нь морины хорхойтнууд хэдийнэ андахаа байжээ. Яаж яваад та уях болсон юм бэ?
-Түүх сөхөх нь дээ. Манай өвөөгийн аав Гүрсэд, Жаргалсайхан ахын эмээ Дарьсүрэн нар үеэлүүд. Манай өвөө Гүрсэдийн Хорлоо гэж хүн байлаа. Манайхан Ажаа гэж авгайлдаг юм. Хээр азаргыг урд нь Сүхбаатар аймгийн харьяат МУ-ын Алдарт уяач Сэргэлэнбаатар гэж залуу уяж байсан юм билээ. Тэгээд 2003 онд Жаргалсайхан ах манай өвөө дээр ирэхэд ажаа адуу малаа авчрах гэсэн юм. Газар ус нь холдоод байна гээд ирсэн. Тэгэхэд нь манай өвөө “миний адуу малыг ач Сүхээ маань л уяж малладаг юм. Хүүтэй уулз” гэж хэлсэн гэсэн. Ингээд Жаргалсайхан ах хотод аавынд маань надтай уулзаад “хэдүүлээ гал болцгооё. Хээр морио уялмаар байна” гэдгээ хэлсэн. Би ч зөвшөөрч тэр жилийнхээ намар нь хээр морийг Сүхбаатарын Асгатаас очиж авчирч байлаа. Ингэж л Даатгал хээрийг уяах болсон юм даа.
-Тань дээр ирэхдээ хэдэн настай адуу байсан бэ? Урд нь яаж давхиж байсан юм болоо?
-Долоон настай адуу ирж байлаа. Урд нь улсын наадамд хавчиг азарга гуравд орж, соёолондоо Жигжидсүрэн агсаны нэрэмжит Галшард болсон наадам, Өвгөн ноёны наадамд түрүүлгэж байсан юм билээ.
-Тэгвэл тан дээр ирээд ямар ямар амжилт гаргав даа?
-Ирсэн жил нь өнжөөгөөд шууд “Их хурд”-д уралдуулж, аман хүзүүдсэн. Бас Алтан-Овооны наадамд аман хүзүүдээд 2005 онд улсын наадамд гурвалсан. Тэр жилээ Хархоринд болсон Өндөргэгээн Занабазарын наадамд аман хүзүүлж, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор түрүүлсэн дээ. Энд сонирхуулахад 2005 оны өвөл бид өндөр бооцоот уралдаанд уралдуулах гэтэл 3 хоногийн өмнө азарганд бариулчихсан юм. Тэр үед Жаргалсайхан ах “бооцооь уралдаанд битгий уралдуулаарай” гэж захьсан эзнийх нь үгээр төрийн өндөрлөгтэй наадамд л уралдуулах болсон юм.
-Тэгэхээр хээр азарга хязаалангаасаа эхэлж уягдсан гэсэн үг үү?
-Даага байхаасаа л эхэлж сум орныхоо наадамд сайн давхидаг байсан юм байна лээ. Тэгээд соёолондоо улсын наадамд ирээд шүдээрээ хасагдчихсан гэсэн. Хээр азарганы жинхэнэ эзэн нь Сүхбаатар аймгийн Асгат сумын Дамдинжав гэж хүний дүү Цэнджав гэж хүн бий. Бид нар ах дүү хоёртой уулзаж байсан юм.
-Хээр азарга уяаны ямар онцлогтой адуу байсан бэ?
-Тарган бол давхил нь гардаггүй адуу л даа. Өвөө маань анх харчихаад “хээр азаргаа эдэлгээгээр нь сайн идэлж байгаад жилдээ нэг, хоёр удаа уралдуулчихаж бай” гэж хэлж билээ. 2005 онд улсад гурвалуулчихаад, Өндөр гэгээний наадамд аман хүзүүдүүлчихээд өвөөдөө харуулсан. Тэгсэн өвөө “дараа жил их ойтой” гээд олон үнэтэй зөвлөгөөг өгсөн дөө.
-Тэр юу байсан юм болоо?
-Хээр азарганы ороо их орой гардаг юм. Сэлтий нь муруй байсан болохоор гүү гишгэхдээ жирийн азарга шиг гишгэдэггүй. Тийм болохоор бид нар гар аргаар гишгүүлдэг байсан юм. Тэр намар өвөө маань одоо ингээд ороог нь эртхэн гарга. Тав зургаан гүү гишгүүлээд үзүүрийнх нь ажлыг хийгээд, хоолных нь хорон хөлсийг нь ар дээр авбал сайн. Тэгж байж л түрүүлэх юм байна даа гэж хэлсэн юм.
-Тэжээдэг байсан юм уу?
-Тиймээ тэжээдэг байсан юм. Морийг хооллохдоо цаг цагт нь хооллодог шүү дээ. Тэгэхийн оронд бүтэн тавьж хооллоод, үүр шөнийн заагаар багахан шогшуулж тайлдаг байсан юм.
-Өвөөгийн захьсанаар хийсэн байх нь ээ?
-Их сонин ш дээ. Одоо энэ шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын ажилтан, хуучин Сүхбаатар аймгийн даатгалын хэлтэст байсан Лхагвасүрэн гэж ах надтай хамт морь уядаг байсан юм. Жаргалсайхан ах бид хоёрыг хээр азаргатай маань учруулсан хүн дээ. Энэ завшааныг ашиглан Лхагвасүрэн ахдаа баярлаж явдаг шүү. Таны ажил амьдралд хамгий сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж дамжуулах байна. Сүүлд Хайртхаан дээр уяж байхад Дамдинжав гуайгаас авсан хээр азарга, Даатгал хээр хоёр маань гурван сунгаанд түрүүлчихээд байсан юм. Тэгсэн маргааш нь Даатгал хээр гүү гишгэх гээд байхаар нь өвөөгөө дуудлаа. Өвөө ч төдөлгүй ирж харснаа даруйхан гүү гишгүүлэхгүй бол хурдлахгүй, амрахгүй, хоол ч идэж чадахгүй юм байна гэж хэлсэн. Ингээд л МУ-ын Манлай уяач Одгэрэлийн алтан үст ухаа мориных нь төрсөн дүү хонгор гүүг өвөөгийхөө зөвлөснөөр мордохынх нь урьд өдөр гишгүүлж байсан юм. Тэр гүүг гурван саяар авч байлаа. Тэгээд дөрөв таван цагийн үед адуунд нь тавиад орой нар жаргахын өмнө хөлслөөд тавьсан. Маргааш нь өнжөөгөөд дараагийх нь хоног дээр түрүүн ярьсан шиг сайхан бүтэн хооллож хоноод өглөө нь бага чийгтүүлээд л мордуулсан. Ингээд л 2006 онд түрүүлсэн түүхтэй юм шүү дээ. Адал явдлаар дүүрэн байсан байгаа биз. /инээв/
-Наадмын өглөөг дурсах бас л сайхан байдаг байх даа? Хэр итгэлтэй байсан бэ?
-Наадмын урьд орой адуугаа хурааж яваад манай тэнд байдаг баруун талын толгой дээрээ гарсан юм. Тэндээс хээр азаргаа хартал яг л арслан зогсож байгаа мэт бас л сүрдмээр харагдаж билээ. Хараад үнэхээр гайхсан. Ирээд Лхагваа ахдаа хэлтэл хоёулаа маргааш нэг түрүү айрагтай байхаа гэлээ. Тэгсэн өвөө өнгө нь бол зөв байгаа юм байна. Миний хүү хоолны алдаа гаргав аа. Маргааш ямар ч байсан нэг өндөрхөн шиг цулбуур өргөнөө гэж билээ. Наадмын өгөө морио уячихаад үүл харж зогстол Лхагвасүрэн ах “за баараггүй хээр азарга түрүүлэх юм байна. Энэ том бараан үүл тасраад явчихлаа” гэж хэлсэн. Ингээд ёслоод мордуулчихаад хоёр, гурван удаа аман хүзүүлчихсэн. Ахин битгий гуравлаасай байр ахиулдаг юм шүү гэж дотроо бодож зогслоо. Сэтгэл санаа гэгэлзээд л амаргүй байхаар нь аяга цай уучихаад унтаад өгсөн юм. Дугхийгээд байтал утас дуугарлаа. Тэр үед миний хань төрөх гээд хотод байсан юм. Тэгсэн эхнэр “хүүш ээ азарга чинь түрүүлчихлээ. Улаан худаг өнгөрөөд явж байна” гэх нь тэр. Үнэмшмээргүй сонстож байгаа юм чинь. Дахин лавлалаа.
-Итгээгүй хэрэг үү?
-Харин тийм ээ. Дахиад залгатал азарга чинь түрүүлж явна. Зурагтаар гарч байна гэнэ. Чихэндээ ч итгэсэнгүй сандраад гартал гадаа уяан дээр морь ч байдаггүй, машин ч байдаггүй. Тэрнээс хойшхийг бараг санадаггүй юм. /инээв/ Нэг мэдэхэд л хүндэтгэлийн хашаан дотор азаргатайгаа зэрэгцээд гүйгээд оччихсон байсан. Ингэж л хоёр жилийн өмнөөс мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлсэн сайхан мөч тохиосон юм даа. Ийнхүү тэр түүхт ойд түрүүлгэх түрүүлгэхдээ эцэг морь оруулсан маань миний өвөөгийн буян заяа юм шүү дээ. Миний өвөө удмын морь засалч хүн.
-Харин эхнэр тань хэзээ амаржсан бэ?
-Удалгүй л төрсөн дөө. Их бэлгэшээдэг болохоор охиноо би “Дарь эх” гэж дууддаг юм. Тэр тоолонд эцэг өвгөдийнхөө буян заяаг боддог юм.
-Улсын наадмаас гадна морины олимп “Их хурд”-ын аман хүзүүг хүртсэн. Аман хүзүү гэдэг бол хар цагаан хэл амыг холдуулдаг гэж Даваахүү манлай ярьдаг даа.
-Даваахүү гуай морин тойруулгын адуучин, уяач байхдаа манай өвөөгийнхөөр ирдэг байлаа. Манай өвөөгийн том хүү Дорждэмбэ ахтай их найзууд. Тийм болоод 2005 онд Өлзийтөд өвөлжихдөө Даваахүү манлайг гэртээ урьж билээ. Тэгэхэд Манлай манай хашаанд орж ирээд “Жаргалсайхан, Сүхээ хоёр хүн алтан дээр суусан хүмүүс юм. Энэ хээр азарга бол амандаа алт амандаа үмхсэн тийм л хувь заяатай хүнд байх ёстой адуу шиг санагдаж байна. Үнэхээрийн гайхамшигтай хурдан адуу даа” гэж хэлж байсан. Энэ үгийг дуулаад эрхэмлэн уях ёстой юм байна даа гэж бодож байлаа. Тийм ч болохоор дөрвөн сард Өлзийтөөс гарж 11 сард орж иртлээ нэг ч хоног хажуунаасаа холдуулж байгаагүй. Тийм болохоор буян хишгээ харамгүй хайрласан бизээ гэж боддог юм.
-2ОО4 ны “Их хурд”-ын тухай орхичихлоо?
-Тэгэхэд жаахан байж дээ. Тийм болохоор аав ах нарыхаа зөвөлгөөгөөр л уясан хэрэг. Монголын морины олимпод азарга аман хүзүүндүүлчихээд халхын довтой эрхмүүдтэй мөр зэрэгцэн адуугаа хөтлөж явна гэдэг сайхан л юм билээ.
-Тэр жил бол шарга азарга ид хурдан байсан даа?
-Тийм шүү. Тэсгэн ч миний хээр шарга азарга, Эрдэнэгэрэлийн бор азаргатай ана мана уралдаж аман хүзүүдэж байлаа. Тэр онд Алтан-Овоонд шарга азарганы ард аман хүзүүдэж байлаа. Одоо хээр азарга шигээ адуу авах гээд их л харах юм. Санаанд таарах нь олдохгүй л байна.
-Даатгал хээр азарганы төл байдаг уу?
-Би “Даатгал хээр”-дээ хоёр жил дараалан дөрвөн гүү хураалгасан. Жагаа ах маань энд их чамбай ханддаг байсан. Нэг охин, хоёр эр төл гарснаас одоо нэг хавчиг зэгэл азарга байна. Энэ зэгэл их хэнздүү унага байсан. Дааганд нь сургаад шүдлэн хязааланд нь уралдуулалгүй тэжээгээд соёолонд нь сургасан. Энэ өвөл уялгүй унаж эдэлгээ үзүүлж байгаад энэ зунаас уях санаатай. Энэ зэгэл үрээний эх тал нь Баянцогтын Дамдинсүрэнгийн зэгэл гэж улсын наадамд айрагдаж байсан хурдан азарганы угшилтай.
-Одгэрэл манлайгаас авч гишгүүлсэн гүүнээс ямар төл гарсан юм бэ?
-Тэрийгм би мэдээгүй. 2006 оны намар нь би Архангай явж, Жаргалсайхан ах адуугаа авсан. Маллаж байсан хүнээс нь сураг сонсохнээ төл гараагүй гэсэн байх шүү. Харин жилийн дараа 2007 онд Өвөрхангайд болсон “Их хурд”-д уралдаад удалгүй хээр азарга өөд болсон.
-Хээр азаргыг эндсэн талаар хүмүүс их олон янзаар ярьдаг юм билээ. Та мэдээж чих тавьж л байсан биз дээ?
-Би маллаж байсан хүнтэй нь хэрэг болгон очиж уулзаж байлаа. Тэр чинь 2007 оны хавар юм шүү дээ. “Хээр азаргыг хавар ийм тарган байлгадаггүй юм. Би зундаа туранхай байлгаж, сөргүүлж биенийх нь амар давхилаар нь голчилж уядаг байсан. Тод манлай уяач Онон ах ч надад ингэж зөвлөж байлаа. Миний дүү халхын хурдан буянг уяж байгаа юм чинь ах нь харамгүй зөвлөж тусалнаа” гэж хэлсэн. Зөвлөгөө ч өгсөн. Тэгэхэд би хэлсэн юм. Ийм тарган байвал хөл нь дийлэхгүй гэж. Өвөл нь эдлээд хавар ногоотой зэрэгцэж тэжээгээд уядаг юм. Тэр зунаа би Архайнгайд ирээд Лхагваа ахтай утсаар их ярьдаг байлаа. Хөлс нь гарахаа байсан, чамаас Жаргалсайхан ах чинь асуугаадах гэнэ гээд л. Тэр үед би хавар нь эдэлгээ хийгээд хорыг нь гаргахгүй дээ. Наадах чинь нэгд тарган уячихсан, хоёрт хөндүүрийг нь гаргаагүй байгаа болоод тэгж байгаа юм гэтэл бид нар янз бүрийн эм тариа хэрэглэж байна. Нэмэр болохгүй юм гэж байсан. Тэгээд тэр жилээ улсын наадамд уралдаагүй. Дараа нь Өвөрхангайд “Их хурд”-д уралдах гээд оччихсон байхад Лхагваа ах хээр азарга маань жаахан тиймэрхүү байна гэж байсан. Гэхдээ Даатгал хээр мордсон юм. Сүүлд сонсохнээ сайн юм дуулдаагүй. Би бодохдоо маш их аскорбин өгч байсан гэж дуулсан. Энэ нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Гэхдээ миний л хувийн бодол шүү дээ.
-Та энэ зэгэл үрээгээрээ азарга тавьж байгаа биз дээ?
-Би энэ зэгэл үрээгээ соёолон үрээ байхад нь Ч.Мөнхбат ахдаа өгсөн. Бид 2007 оноос хойш нэг гал болж нэгдэн морь уяж байгаа юм. Ер нь бид унаган адуугаараа наадъя гэж боддог. Тийм ч болохоор унаган адуугаа улсад оруулчихсан гэж мөрөөдөөд л явна. Анх 2006 оны намар Мөнхбат ах намайг морь хатгаад өгөөч гээд ирсэн юм. Мөнхөө ах манай аавтай худ ураг хүмүүс л дээ. Энэ үед хоорондоо ярилцаж байгаад ахдаа туслах болж дараа жил нь Архангайд очсон.
-Сайн адууг чөмөг суутал гамна гэж Эрдэнэчулуун Тод манлай хэлсэн байдаг даа?
-Бага насны адуу янз янз шүү дээ. Ер нь дааганд нь давхиул гэж ярьдаг л юм. Гэхдээ би дааганд нь сургачихаад, шүдлэн хязааланд нь сайхан тамиржуулаад, соёолонд нь уяж дасгалжуулъя, түүнээс хойш амжилтыг нь бодъё гэж боддог. Багад нь давтсан адуу хөл гарандаа орчих гээд хөндүүр суучих гээд байдаг талтай. Харин сүүтэй даагаа нэгээс хоёр наадамд уралдуулчихна шүү.
-Та хээр азаргаа улсад түрүүлгэхэд өвөөгийн минь буян заяа түшлээ гэж бодсон гэж ярьлаа. Өвөөгийнхөө тухай илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Манай өвөөгийн аав нь Гүрсэд гэж адуу мундаг хатгадаг хүн байлаа. Ер нь удам дамжсан хүмүүс л дээ. Үе дамжин адуу хатгадаг хүн байсан болохоор тухайн үедээ номер нэг адуу адуу хатгаачид гэж ярьдаг байсан юм билээ. Намайг хүүхэд байхад одоо энэ томчууд болох Манлай уяач Батчулуун, Тод манлай уяач Онон, Даваахүү гуай нар өвөө дээр маань ирж адуу хатгах талаар зөвлөгөө авна, асууна. Энд сонирхуулахад таваг сөхөж хатгах нь баргийн хүн хийдэг эд биш л дээ. Хүүхэд байсан ч сайн санаж байна. 1993 оны өвөл Онон гуай өвөөгийнд ирээд “Ажаа таваг сөхөх хатгаа гэж юуг хэлээд байна вэ. Тэгсэн морийг яадаг юм бэ” гээд асууж зөвлөгөө авч байлаа. Үүнийг би хожим нь өвөөгөөрөө заалгаж байлаа. Ер нь 2002 оноос хойш өвөөгөөрөө хатгааны нарийн ширийнийг заалгах болсон. Өвөөг маань урьж залах хүмүүс их. Тэр тоолонд би дагаж явж, хатгаж байгааг нь харна. Дараа нь асуухаар миний хор шарыг хөдөлгөх гээд л “чи мэдэж яах нь уу” гэж байдагсан. Ер нь адуу хатгахаас гадна морийг их сайн уядаг хүн байсан юм.
-Уясан морьд нь ямар амжилт гаргаж байв?
-1970 хэдэн онд улсын наадамд гурав айрагдаж байсан Соённямбуугийн хонгор морийг уяж байсан. Хөл нь доголчихсон байхад эмчлээд улсад гурав айрагдуулж байсан гэж нутгийн хөгшчүүл ярьдаг юм. Мөн хүрэн азаргаа улсад тавлуулж, нэг хусран даага, Цэрэндож гэж хүний хонгор даагыг тус тус айрагдуулсан байдаг. Өвөө маань таван жилийн өмнө өөд болсон. Гэсэн ч өвөөгийнхөө зааж зөвлөсөн эрдэм ухааны зах зухаас шимтэн сонсож байсны хүчинд өдий зэрэгтэй сайн сайхан л явна.
-2006 онд азарга түрүүлгэхэд өвөө тань их баярласан байх даа?
-Өглөө нь өвөө “тэртээ тэргүй миний хүүгийн морь түрүүлнэ. Өвөө нь эндээ залбираад сууж байя. Түрүүлээд ирэхээр нь намайг ирж аваарай” гэж хэлсэн. Ер нь өвөө уралдааны өмнө яг л хэлнэ. Хөөрхий дөө сүүлдээ нүд нь жаахан муудаад ирэхэд адууны хавирга биеийг тэмтэрч бариад хэлдэг байлаа. Ер нь эрт дээр үеэсээ хавирга барьж шинждэг байсан юм билээ. Өвөө морийг чихний оройгоос улаан суга хүртэл тэмтэрч үзээд зоон дээр нь их дарж үздэг байсан. Мөн хөлийг нь сайн үзнэ. Давхиад ирсэн адууны тавагийг бас үзнэ. Таваг нь бүлээн байх юм бол хүйтэн усанд сайн дүр гэж л хэлдэг байсан даа. Хамгийн түрүүнд мориныхоо хөлийг гамна гэж их захина. Ер нь морийг их туранхай уяулах талдаа шүү. Дээхэн үед бол онд их сайхан тарган оруулчихаад зуныхаа уяг тааруулж уядаг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд эдэлчихээд тэрэн дээрээ морины уяа жигдрээд ирэхээр тамирыг нь нөхөөд өгөхөөр морины тамир, давхил шал өөр болдог юм. Дээр үеийн уяа одоо үеийн уяа хоёр өөр болж. Настайчууд энэ арга барилаараа л уядаг байж. Ямартаа л өвөө тэжээл гэдэг чинь маш хүчтэй байдаг юм байна. Тийм учраас морийг тарган оруулах буруу юм байна, давхар их тарга суудаг юм байна. Морины давхил ч их хойшилдог гэдэг байлаа. Ялангуяа хээр азаргыг тарган уя гэж ер нь хэлдэггүй байсан.
-Өвөөгийн захиасыг морь уях ажилдаа хэрэгжүүлж байгаа биз дээ?
-Тийм үүү. Ер нь адууг жилийн дөрвөн улиралд тамиртай байх юм бол тэжээгээд уячихаж болж байна. Харин тарган байлгаж байгаад тарган тэжээх юм бол болохгүй. Тийм ч болохоор би сүүлийн хэдэн жил морийг туранхай уяж үзлээ. Тэгсэн олон уралдаад тамирандаа хүрээд ирэхээр нь энэ намраас жаахан тарган байлгаж байгаад тэжээсэн чинь болдоггүй юм билээ. Намрын эдэлгээ нь дутагдаад жаахан хүчтэй тэжээчихсэн чинь. сөрж таргалаад ирж байна лээ. Тийм учраас амьсгаа суугаад, сөрж хурдан таргалаад хүчтэй ажил хийхээр хүйтний адуу амархан хөндүүр суучих гээд байдаг юм. Давхил нь бас хойно гардаг юм.
-Танай аав морь уядаг байсан уу?
-Манай аав чинь Архангайн Чулуутын хүн. Харин ээж Цэгмид Төв баймгийн Баянцогтынх л доо. Аав маань цэрэгт явахынхаа өмнө морь уяж байсан ч ирээд л хөндийрчихсөн. Аавын дутуу орхисныг би гүйцээж байгаа гэх үү дээ.
-Тэгээд та л морь уядаг болсон байх нь ээ?
-Тийм ээ. Манай өвөө сургуульд сурсан хүнийг эрдэмтэн гэдэг шиг малаа сайн маллаж өсгөж чадаж байгаа хүнийг малчин эрдэмтэн гэдэг юм гэж. Тэгээд сайн малчин болох хэрэгтэй шүү гэж захидаг байлаа. Ямартаа ч өвөөгийн захиасаар явсаар өдий хүрлээ. Өөрийгөө их сургуулийн төгсөхийн дайтай юм цуглуулсан гэж боддог. Гэхдээ морь уяж байгаа хүн чинь амьдралын туршид их сургуульд сурч байдаг бололтой. Ер хөдөлмөрлөж байж л илүү амжилтанд хүрнэ шүү дээ. Санхүү, оюун ухаан, биеийн хүчний хөдөлмөр гээд л цогцоороо байж амжилт даллана гээч.
-Архангайд ирснээсээ хойш ямар ямар амжилт гаргаад байна вэ?
– Өнгөрсөн жил “Их хурд 2007” наадамд явж алтан хошуут хээр азарга 14-р, ноён хээр азарга маань 17-р давхилаа. Тэр жилээ хоёр хээр азарга маань дараалан орж айрагдаж байсан. Мөн сумын болон жижиг наадмуудаас 10 гаруй түрүү, 30 гаруй айраг авсан. Харин 2008 онд улсын баяр наадамд хүрэн морио еслүүлж, бор соёолонгоо долоолуулсан. Мөн Мичид нэртэй хонгор соёолонгоо 14-өөр, Буган шүдлэнгээ 11-р давхиуллаа. Мөн ондоо Архангай аймгийн цагдаагийн 70 жилийн ойд хүрэн морио түрүүлгэж байсан. Дараа жил нь аймагтаа уралдаж, улсын наадамд долоолж байсан хавчиг бор азарга маань дөрвөлсөн. Мөн хүрэн морь, бор морь маань саахалтын зайтай тасархай түрүүлж аман хүзүүдсэн. Тэр жил би нэг түрүү, дөрвөн айраг авсан. Улсынхаа баяр наадмаар их морь дарааллан түрүү, аман хүзүү болгоно гэдэг ховор завшаан шүү. Улсын наадамд Батчулуун манлайг хоёр халзан морио түрүүлгэж, аман хүзүүдүүлж байгааг хараад улсын наадамд биш юмаа гэхэд аймаг сумынхаа наадамд морь дараалан оруулж үзэх юмсан гэж мөрөөдөж явснаа биелүүлсэн нь энэ байлаа. Ямартаа л 2009 оны аймгийн баяр наадамд хоёр их морио тасархай түрүүлгэчихээд хөлсийг нь хусаад зогсож байхдаа энэ тухай санаанд орж байлаа. Мөн дараа жил нь дахин хоёр морь маань дараалан түрүү, аман хүзүүнд ирсэн. Ухаант өвөөгийнхөө дэргэдээс уяаны эрдмийг сонсож өссөн би ийнхүү Мөнхбат ахтайгаа нэг галд ажиллаж байгаагаа хувь заяа гэж боддог. Төрсөн дүүгээсээ өөрцгүй ханддаг ахынхаа итгэлийг алдалгүй илүү сайн ажиллана даа боддог юм.
-Хүү тань одоо өөрт тань шавь орсон бололтой?
-Тийм шүү. Хүү маань аавынхаа ойр зуурын адуу малны ажилд сайн тусална. Бас адуу хатгах сонирхолтой. Яваандаа малын эмч болгоно. Удам залгах хүн дээ.
-Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Таны уясан бүхэн хурдан байж тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.
-Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсье. Мөн “Хасу мандал” компанийхаа хамт олонд болон ээж аав, ах дүү, Мөнхбат ахдаа баярлаж явдаг шүү гэдгээ уламжилмаар байна.