Нисдэг тэрэг ачсан хөлөг онгоц нутаг руугаа буцлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Нисдэг тэрэг ачсан хөлөг онгоц нутаг руугаа буцлаа

Оросын цэргийн нисдэг тэргийг Сирид хүргэхээр зөөж явсан хөлөг онгоцыг Британийн засаг захиргаа Шотландын эрэгт зогсоон даатгалын компани хөлөг онгоцны эзний даатгалыг цуцалжээ.

Ингэснээр Орост засвар хийлгэсэн цохилтын нисдэг тэрэг зөөж байсан Alaed гэх ачааны хөлөг ямар ч боомтод орох эрхгүй болсон учраас нутаг буцахаас өөр аргагүй болжээ. Энэ тухай Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг мэдэгдсэн байна.

Оросын  ФЕМКО компанийн хөлөг онгоцыг Британийн эрх баригчид Шотландын эргээс холгүй  зогсоосны дараа даатгалын “Standard Club” компани Британийн Засгийн газрын шахалтаар энэ компанийн бүх хөлөг онгоцны даатгалыг цуцалсан байна. “Бид хөлөг онгоцны эздэд зөөж буй ачаатай нь холбогдуулан даатгалыг шууд автоматаар хүчингүй болгож буйгаа анхааруулсан” хэмээн даатгалын компани мэдэгдэв.

Гэрээ цуцлагдсан учраас энэ компанийн усан онгоцнууд  дэлхийн ямар ч боомтод хууль ёсоор нэвтэрч чадахгүйд хүрлээ. Гэрээг цуцалсан шалтгаан нь Европын холбооноос Сирид зэр зэвсэг нийлүүлэхэд тавьсан хориг болж байна. “Бид олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллаж Сирийн эрх баригч дэглэмд  бусад орнуудын тусламжтайгаар энгийн иргэдээ устгахыг хориглох бүхий л боломжит арга хэмжээг авч байна” хэмээн Британийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.

The Daily Telegraph сонинд мэдээлснээр уг хөлөг онгоцны хөдөлгөөнийг өмнө нь Нидерландын эрх баригчид хянаж байсан учраас хөлөг онгоц ЕХ-ны нутаг дэвсгэрийн усан хилд орохгүйн тул хөдөлгөөнөө хойд зүгт чиглүүлсэн байлаа. Сонинд бичсэнээр Калининградын ойролцоох нэгэн үйлдвэрт засвар үйлчилгээ хийлгэсэн Ми нисдэг тэргүүдийг хөлөг онгоц зөөж явжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж