Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн Украйн болон Польш улсад үргэлжилж буй билээ. Сонгон шалгаруулалт 2010 оны наймдугаар сараас өнгөрсөн оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилж, шилдэг 16 баг өрсөлдөх эрхээ авсан. Улмаар зургадугаар сарын 8-19-нд үргэлжилсэн хэсгийн шатнаас найман баг тунаж үлдээд байна. Тэмцээнийг зохион байгуулагч хоёр улсын шигшээ багууд харамсалтай нь нутгийнхаа дэвжээнд гялалзаж чадсангүй, хэсгийн шатнаас тэмцээнийг үдсэн. Талбайн эзэн баг ийм эрт тэмцээнийг орхиж буй тохиолдол Европын аваргын түүхэнд гурав дахиа тохиож буй нь энэ юм. Өмнө нь 2000 оны тэмцээнд хамтран зохион байгуулагч Бельги, харин “Евро-2008” Австрали болон Швейцарьт болоход хоёул хасагдах шатанд шалгарч байгаагүй билээ.
Энэ удаагийн тэмцээний шөвгийн наймд:
“А” хэсгээс: Чех, Грек
“В” хэсгээс: Герман, Португаль
“С” хэсгээс: Испани, Итали
“D” хэсгээс: Англи, Франц гэсэн багууд шалгарсан билээ.
Дүрмийн дагуу “А” хэсгийн тэргүүн баг “В” хэсгээс хоёроор шалгарсан багтай гэхчилэн В2-А1, С1-D2, D1-C2 гэсэн форматаар тоглох билээ. Ингээд хуваарь ёсоор өнөөдөр Чех ба Португалийн шигшээ багийн тоглолт Польшийн нийслэл Варшав хотноо болох юм. Хасагдах шатны тоглолтууд Монголын цагаар 02.45 цагт эхэлнэ.
Шөвгийн найман багийн тоглолтын хуваарь:
ЧЕХ vs ПОРТУГАЛЬ – VI.22 02.45 цагт /Варшав, Польш/
ГЕРМАН vs ГРЕК – VI.23 02.45 цагт /Гданьск, Польш/
ИСПАНИ vs ФРАНЦ – VI.24 02.45 цагт /Донецк, Украйн/
АНГЛИ vs ИТАЛИ – VI.25 02.45 цагт /Киев, Украйн/