Дотуур өмдний рекламын торгууль – Евро 2012

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Дотуур өмдний рекламын торгууль – Евро 2012

    Фото © PA Images / Michael Probst/AP
Ирландын бооцоот тааврын компани Paddy Power данийн хөл бөмбөгч Никлас Бендтнерийн өмнөөс  торгуулийг нь төлнө гэж The Guardian мэдээллээ. Евро-2012 тэмцээнд, 6 сарын 13-нд Дани-Португалийн  тоглолтын үеэр цамцаа сөхөж Paddy Power компанийн бэлгэ тэмдэг бүхий дотуур өмдийг харуулсныхаа төлөө Бендтнер УЕФА-гаас торгууль хүлээсэн билээ.

Энэ нь Бендтнер тэмцээний хоёр дахь бөмбөгийг оруулсны дараа болсон юм. Бендтнерийн энэ үйлдлийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллүүд шууд нэвтрүүлсэн билээ. УЕФА-гийн журам ёсоор хөл бөмбөгчид Европын аваргын шувтаргын тоглолтын үеэр хувцсан дээрээ сурталчилгааны дүрс, бичиг байрлуулах хориотой юм.

УЕФА торгуулийнхаа хэмжээг 6 сарын 18-нд 100 мянган евро гэж зарласны зэрэгцээ Бендтнерийг нэг тоглолтонд оролцох эрхийг нь хассан юм. Энэ нь 2014 оны дэлхийн аваргад хамаатай юм байна.

Бендтнерийн яриагаар бол, Paddy Power-гийн лого бүхий дотуур өмдийг найз нь бэлэглэжээ. Үүнийг сурталчилгааны зориулалтаар харуулсан гэдгээ тэрээр үгүйсгэж байгаа юм.
   

Гомесын "жигүүр". Фото thespoiler.co.uk

Paddy Power компани бол сурталчилгааны уламжлалт бус арга хэрэглэдгээрээ алдартай. Тэд өөрсдийн сайт руу хөтлөх QR кодыг боксчны өмд, гар бөмбөгчин бүсгүйчүүдийн бикини дээр байрлуулж байсан билээ.

Бендтнерийн үйлдэл бол хөл бөмбөгийн талбай дээрх хууль бус сурталчилгааны ганц жишээ биш юм. 2009 онд “Бавар”-ийн тоглогч Марио Гомес “Штутгарт”-ын хаалганд бөмбөг оруулаад гараараа жигүүр дүрслэн харуулсан нь Red Bull эрчим хүчний ундааны рекламанд тооцогдож байсан билээ.

Эх сурвалж: The Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж