Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын чимэг эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулдаг уламжлалтай. Наадмын өдрүүдэд Хүй долоо худгийг зорих морины хорхойтнуудын цуваа үргэлжилдэг. Энэ жил Хүй долоо худагт наадамлах наадамчин олны тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор үзэгчдийн суудлыг шинээр барьж байгуулах, авто машины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, худаг усны асуудлыг шийдвэрлэх гээд олон ажил хийж байгааг комиссын хорооныхон хэлсэн. Хурдан морьдын уралдаан үзэхээр ирсэн иргэд өмнө нь төмөр сандалд суудаг байсан бол энэ жил бетонон суурьтай модон сандал дээр тухлах юм байна. Мөн бие засах газрын тоог нэмж, нэг худаг барихаар болжээ. Тохилог, тав тухтай орчин бүрдүүлж, Хүй долоон худаг өнгө нэмнэ гэдгийг баяр наадмын комиссынхон дуулгалаа.
Ш.ЧИМЭГ