Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Анхааруулга: Энэхүү судалгааны ажлын үр дүн нь зөвхөн хувь судлаачдын байр суурийг илэрхийлэх бөгөөд ямар нэг байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй болно.

Арилжааны банкуудын нэг үндсэн үүрэг нь мөнгөн хөрөнгийг илүүдэлтэй байгаа хэсгээс дутагдалтай байгаа хэсэгт тодорхой хуулийн хүрээнд хамгийн хямд зардалаар хүргэх юм. Энэ утгаараа банкны секторын бүтээмж улс орны эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлж байдаг. Банкны секторын бүтээмжийг хэмжиж, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлсноор банкууд бүтээмжээ хэр их хэмжээгээр, хэрхэн өсгөх боломжтой байгааг мэдэж болдог. Улмаар энэ нь эдийн засаг дахь хөрөнгийн зөв хуваарилалтыг дэмждэг. Олон улсын туршлагаас харахад банкны сектор хөгжихийн хэрээр банкууд  бүтээмжээрээ илүү их өрсөлддөг байна. Тиймээс банкны удирдлага бүтээмжээ зөв тодорхойлсноор түүнийг хэрхэн өсгөх талаар мэдээлэлтэй болж үүний үр дүнд өрсөлдөх чадвараа дээшлүүлж чаддаг.

Энэхүү судалгаандаа банкууд зээл олгох болон бусад төрлийн хөрөнгө оруулалт хийхийн тулд хүүгийн зардал болон үйл ажиллагааны зардал гаргадаг гэж үзсэн болно. Өөрөөр хэлбэл банкны секторын нийт зээлийн өрийн үлдэгдэл болон бусад хүүгийн эрсдэлтэй актив хоёрыг гарцаар, харин хүүгийн зардал болон үйл ажиллагааны зардал хоёрын нийлбэрийг орцоор авсан. Энэхүү загвар хэдэн ч орц болон гарцтай байж болох бөгөөд зөвхөн энэхүү судалгаанд 2 орц болон 1 гарцаар хязгаарласан болно.

Судалгаандаа манай улсын банкны секторын 80 орчим хувийг эзэлж байгаа хамгийн том 4 арилжааны банк болох Голомт, Хаан, Худалдаа Хөгжил, Хас зэрэг банкуудыг сонгосон болно. Түүнчлэн, бүтээмжийг тооцохын тулд “DEA” загвар буюу “Өгөгдөл дугтуйлах аргачлал”-аар “DEAP2.1” программыг ашигласан. Уг загварын зорилго нь тодорхой хэмжээний орцоор хамгийн их гарц үйлдвэрлэх юм. Учир нь банкууд татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө тодорхой хэмжээнд зээл гаргах буюу хөрөнгө оруулалт хийхийг зорьдог.

“DEA” аргачлалыг ашиглан тооцсон банкны секторын бүтээмжийг Хүснэгт1-д харуулав. “DEA” загварын программчлалын хэл болон “DEAP 2.1” программын дэлгэрэнгүй үр дүнг холбогдох судлаачуудтай холбогдон авч болно.

Хүснэгт 1-ийн тайлбар: Банкны секторын бүтээмж 2008-аас 2011 он хүртэлх хугацаанд харьцангуй тогтвортой өндөр байсан боловч 2008 оны 4-р улиралд 10 хувиар, 2010 оны 3-р улиралд 9 хувиар тус тус буурсан байна. Үүний шалтгаан нь магадгүй 2008 оны эцэст болсон санхүүгийн хямрал, 2010 онд улам гүнзгийрсэн Европын өрийн хямралуудтай холбоотой байж болох юм. Банк тус бүрийн хувьд авч үзвэл, Худалдаа Хөгжил болон Хас банкууд нь бусад банкуудаас харьцангуй өндөр бүтээмжтэй ажиллаж байсан байна. Түүнчлэн 2008 оны эхний улирлын байдлаар Худалдаа Хөгжлийн Банк хамгийн өндөр буюу 100 хувь, Хаан банк хамгийн бага буюу 69 хувийн бүтээмжтэй тус тус ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл загварт хэрэглэсэн орц, гарцын хувьд Хаан банк зээл болон хүүгийн эрсдэлтэй бусад активынхаа хэмжээг 31 хувиар өсгөх боломжтой байжээ. Үүнтэй адилаар тухайн үед Голомт болон Хас банк гаргасан зээл болон хүүгийн эрсдэлтэй бусад активынхаа хэмжээг 20 болон 15 хувиар тус тус өсгөх боломжтой байсан байна.

Банкуудын бүтээмжийн өөрчлөлтийг судалж үзэхэд Хаан банкны бүтээмж 2 болон 4-р улиралд өсдөг байхад Хас банкны бүтээмж 4-р улиралд өсдөг байна. Харин Худалдаа Хөгжил болон Голомт банкны хувьд улирлын нөлөө бараг байдаггүй байна. Мөн 2008-2011 он хүртэлх хугацаанд Голомт болон Хаан банк зөвхөн нэг удаа л бүрэн бүтээмжтэй ажилласан байгаагаас харахад тус хоёр банкыг хамгийн эрсдэл багатай ажилладаг банкууд байна гэж дүгнэж болохоор байна.

Хүснэгт 2-ийн тайлбар: 2008 оны 1-р улирлаас 2011 оны 1-р улирал хүртэлх хугацаанд банкны секторын болон Худалдаа Хөгжлийн банкны бүтээмж өөрчлөгдөөгүй байна. Харин Голомт банк бүтээмжээ 2 хувиар, Хаан банк 3 хувиар, Хас банк 1 хувиар тус тус өсгөсөн байна. Энэхүү өсөлтөд тус банкуудын хэмжээний бүтээмж өссөн нь голлон нөлөөлжээ.

Дүгнэлт: Дээрх загвар болон аргачлалаар сонгож авсан банкны бүтээмж, түүний шалтгаан, харьцуулалтыг гаргаж авах төдийгүй банкны шийдвэр гаргалт, мэргэжлийн түвшний судалгаа шинжилгээнд цаашид ашиглах бүрэн боломжтой юм.

(Хураангуй)

Судлаачид: О.Одхүү, Д.Нямдаваа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж