Танилц, Хөдөө аж ахуйн бирж

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Танилц, Хөдөө аж ахуйн бирж

Үнийн хөөрөгдлийн гол буруутан гэгддэг ченжийн дамжлагыг “устгах” аян эхэллээ. Илэрсэн үнэн нь шүү дээ. Монгол Улс жилдээ хөдөө аж ахуйн гол нэрийн 1,1 тэрбум орчим ам.долларын түүхий эд бэлтгэдэг  ч арьс, шир, мах, сүүний үнэ тэнгэрт хадах болсон нь ченжүүдийн гараар дамжсанаас улбаатай гэдэг. Энэ байдлаас гарахын тулд ченжийн олон шат дамжлагыг халах хэрэгтэй болсон гэж хаа сайгүй ярьдаг. Тиймээс ченжүүдийн ноёрхлыг хамтын хүчээр дарах хөдөө аж ахуйн биржийг байгуулах ажил эхэлж байгаа учраас ийнхүү аян хэмээн тодотголоо. Олон жил яригдсан хөдөө аж ахуйн бирж байгуулах тухай хуулийг өнгөрсөн жилийн зургадугаар сард баталсан бөгөөд энэ зургадугаар сараас хэрэгжиж эхэлж буй. Одоогоор бирж байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, Зохицуулах зөвлөлийг байгуулжээ.

Биржийн тогтолцооны тухай товч дурдъя.  Энэ бирж хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс худалдан авагчтай шууд холбох ёстой. Гэхдээ цахим хэлбэрээр. Бас танхимын шууд  арилжаа хийх нь. Малчид цахим хэлбэрээр худалдаагаа хийнэ гэхээр малчдын хувьд мэдээллийн технологийн асуудал их байна гэж шүүмжлэх иргэд ч байна. Тиймээс малчдыг хоршоонд нэгтгэж, тэндээсээ брокерийн компани хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржтэй холбох юм байна. Худалдан авагчид хэрэгцээтэй түүхий эд, бүтээгдэхүүнийхээ захиалгыг биржид бүртгүүлсэн байна.  Ингээд арилжаа эхэлнэ дээ.

Цахим орчинд худалдаа хийх бололцоо

2010 оны байдлаар Монгол Улсын 329 сумын 160 нь интернэтийн шилэн кабелийн сүлжээнд холбогдсон бол 2012 онд 309 сум, багууд үүрэн телефоны сүлжээнд холбогдсон, баг сумдад арилжааны нэг банкны салбар, тооцооны төв байгаа зэрэг нь бирж байгуулж, цахим орчинд арилжаа хийх үндэс болох тухай гэж албаныхан тайлбарлаж байгаа. Гэвч малчид интернэтээр худалдаа хийнэ гэж юу л бол гэх эргэлзээ бас байсаар байна. Тиймээс дээр дурдсанаар хоорондоо эвлэлдэн нийлж хоршоо байгуулан, брокерийн компаниар зуучлуулах нь. Тэгэхээр брокерийн компанитай итгэлцүүр үүсгэх хэрэгтэй болно. Учир нь сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл сэргэхийн хэрээр үүнийг дагаад хэн нэгнийг хохироох үйлдлүүд гарах болсон. Жишээ нь, брокерийн компаниар дамжуулан хувьцаагаа зах зээлд  гаргасан ч үнэт цаасны мэдлэг тааруу байдлыг нь ашиглаж, хувьцааг нь далдуур наймаалдаг гэмт хэрэг гардаг байна. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо брокерийн компанийг найдвартай байх шалгуурыг хангахад анхаарч ажиллах гэнэ.

Хариуцлага

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг байгуулна гэхээр аймаг бүрт салбар бирж байгуулна гэсэн ташаа ойлголт байна. Хуулиндаа зааснаар улсын хэмжээнд нэг л ийм бирж байх бөгөөд төв оффис нь нийслэлд байна гэж төлөвлөж байгаа ажээ. Харин холбож өгөх брокерийн компани аймаг бүрт доод тал нь нэг байх гэнэ.  Биржийн арилжаанд орох гишүүдийг байнгын болон байнгын бус оролцогч гэж хувааж байна. Байнгын оролцогч гэдэг нь бирж дээр суудлын эрхтэй, бараа, түүхий эдийг хүлээн авах зориулалтын агуулахтай брокерйин компани байх ёстой гэнэ. Харин малчид, үйлдвэрлэгч нар байнгын бус оролцогч ажээ. Учир нь хэрэгтэй үедээ бүтээгдэхүүнээ худалдах, худалдан авах эрх нь тэдэнд байгаа.

Биржийн санхүүжилт нь хаанаас гарах вэ гэдэг нь сонирхолтой байна уу? Малчдын түүхий эдийг борлуулж байна гээд дундаас нь хэсэг бүлэг хүмүүс хэт их ашиг олох юм биш биз гэсэн болгоомжлол төрж байна. Бирж эхний ээлжинд Засгийн газраас, үйл ажиллагаа нь тогтвортой болсны дараа арилжаанд орох суудлын эрх, арилжааны шимтгэл, бусад төлбөр хураамжаас санхүүжих гэнэ. Төлбөр хураамж гэсэн нэрийдлээр өнөөх устгана гэсэн далд бизнес нь цэцэглэх вий.  Хяналт шалгалтыг үнэн бодит хийж байгаасай гэх мэт олон л хүлээлт, болгоомжлол төрөөд байгаа.  Биржийн нэрийг барин хууль бусаар орлого олсон бол ямар арга хэмжээ авах тухай албаны хүнээс асуухад “Биржийн нэрийг ашиглан, бараа түүхий эдийг худалдсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин, хуулийн этгээдийн  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно. Мөн хууль бусаар олсон орлогыг хураан авна” хэмээн хариулж байна.

Бирж хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх нь

Малчид мал аж ахуйгаа төлөвлөн, бүтээг­дэ­хүүнээ борлуулах тал дээр санаа зоволгүй бусад бараа материалын үнэ ханшийг цаг алдалгүй авч байх гэнэ. Харин түүхий дутагдалтай байна гэж гомдоллодог үйлдвэрлэгчид түүхий эдийн нийлүүлэлтийн урсгал дунд “сэлэх” нь. Мөн тэд түүхий эдээ орон нутгаас цуглуулан, анхан ба дараагийн шатны тордолтыг хийх хугацаа, хөрөн­гийг хэмнэнэ гэж байна. Аливаа шат дамж­лагыг цөөлж л байна гэдэг нь хэмнэлт байдаг болохоор.

Тэгвэл бирж улс орны хэмжээнд ямар ач холбогдолтой вэ гэдгийг авч үзье. Түүхий эдийн бирж байгуулагдснаар далд эдийн засаг буюу дам худалдааг цэгцэнд оруулж, үндэсний үйлдвэрлэлээ түүхий эдээр бүрэн хангах боломжтой. Үүнд нэг зүйлийг дурдах зөв болов уу. Саяхан хэрэгжиж эхлээд буй биржийн тухай хуулинд арилжаанд орсон бүтээгдэхүүн нийлүүлэгч болон худалдан авагчдад урамшуулал олгохоор заасан байгаа. Яг л ноосны урамшуулал шиг… Тэгэхээр бирж байгуулаад, малчид, үйлдвэрлэгчдээ уриалан дуудах нь.

Дэлхий даяар цахим сүлжээнд нэгдэж, ажил амьдралаа амжуулж байгаа өнөө үед хөдөө аж ахуйн эх орон гэгддэг Монгол Улс маань ийнхүү хөгжлийнхөө өөр нэгэн гарцыг  эрэлхийлж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн уриалгын нэгээхэн илрэл энэ бус уу? Бүтээн байгуулалтын он жилүүдэд иргэн бүр ханцуй шамлан зүтгээсэй.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж