Наадамчдын “төвөргөөн” айсуй

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Наадамчдын “төвөргөөн” айсуй

Үндэсний их баяр наадам 20 гаруйхан хоногийн дараа болох гэж байна. Наадамчин олноо цэнгүүлэх наадмын бэлтгэл ажил, хөтөлбөрийг өчигдөр  Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан баяр наадмын комисс хуралдаж, баталлаа. Монголчууд Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойг энэ жил тэмдэглэнэ. Энэ жилийн наадам Урианхайн сурын харваагаар долдугаар сарын 7-нд эхлэх юм байна. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажилд 870  сая төгрөг зарцуулахаар болсон байна. Үүний 28 хувь нь наадмын бэлтгэл ажилд зарцуулах бол 32 хувийг нь бай шагналд,  27 хувь нь зайлшгүй хийж гүйцэтгэх ажилд зарцуулахаар шийдвэрлэжээ.

Наадмын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа гэж албаныхан онцолж буй. Наадамчин олны сонирхлыг татдаг Үндэсний их баяр наадмын хаалт, нээлт болох хүндэтгэлийн концерт дараа жилийн наадам хүртлэх ам дамжсан яриа болдог билээ. Энэ жил баяр наадмын урлагийн үйл ажиллагааг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Д.Ганболд, нээлт, хаалтын ажиллагааг урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Ганхуяг, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг С.Од-Эрдэнэ нар тус тус  найруулахаар болсон билээ. Урлагийн тоглолтын бэлтгэл ажил ид өрнөж байгаа юм байна.

Даатгуулсан бөх барилдана

Монголчууд наадмын бөхийн барилдааныг гурван өдрийн турш шимтэн үзэж,  жилийн турш ам дамжин ярьдаг. Энэ жил ямар аавын хүү Улсын наадамд түрүүлж нутаг усныхнаа баярлуулах нь олон хүнд таавар. Үндэсний бөхийн барилдаанд барилдах бөхчүүд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхчүүд барилдах юм байна. Бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулахаар баяр наадмын комисс ярилцсан бөгөөд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна. Өмнөх давааны барилдаан дуусч бөхчүүдийг ам авч барилдахаар зарласнаас хойш тухайн бөхийн ам авах хугацааг таван минут байхаар дүрэмд өөрчлөлт оруулж байгаа аж. Хэрэв заасан хугацаанд ам аваагүй бол эрэмбээр дараагийн бөх ам авахаар болжээ. Өмнө нь тухайн бөх ам авах хугацаагүй байсан бөгөөд бөхийн барилдаан сунжирах бас нэг шалтгаан болдог байсан. Сур болон, хурдан морины уралдааны дүрэмд өөрчлөлт ороогүй гэж комиссынхон хэлж байлаа. Өнгөрсөн жилийн түрүү бөхийн шагнал 15 сая төгрөг байсан бол энэ жил хэдэн төгрөг байх нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

Авто машины зогсоолын тоог нэмжээ

Жил жилийн наадамчдын бухимдал нь яах аргагүй авто машины зогсоол байдаг. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зай талбайгаа ашиглах авто машины тоог боломжоороо нэмж байгааг салбар хорооныхон онцолсон. Энэ жил Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоолын тоог 2000 гаруйгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд авто машины А, Д, Ж, Б, Ү, цэнхэр М, улаан М, Г гэсэн найман төрлийн автомашины зогсоол ажиллуулдаг байсан. Үүн дээр 2000 зогсоол нэмж байгаа бөгөөд үүнийг хэрхэн зохицуулах нь одоогоор тодорхойгүй байна гэлээ. Өнгөрсөн жил 3000-8000 төгрөг нь энгийн, 10-20 мянган төгрөгийн зэрэглэлтэй зогсоолууд байсан юм. Зөвшөөрлийг Замын цагдаагийн газар болон дүүргийн харьяа замын цагдаагийн байгууллагуудаас олгодог. Одоогоор автомашины зогсоолын тоог нэмж байгаа учраас зөвшөөрлийг хэрхэн олгох нь тодорхойгүй байна. Мөн Үндсэний их баяр наадмаар Хурдан морьдын уралдаан үзэхээр Хүй долоон худгийг зорих  иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэхээр авто машины зогсоолыг 1500-аар нэмж, 4500 зогсоолтой болгожээ.

Хүй долоон худаг өнгө нэмнэ

Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын чимэг эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулдаг уламжлалтай. Наадмын өдрүүдэд Хүй долоо худгийг зорих морины хорхойтнуудын цуваа үргэлжилдэг. Энэ жил Хүй долоо худагт наадамлах наадамчин олны тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор үзэгчдийн суудлыг шинээр барьж байгуулах, авто машины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, худаг усны асуудлыг шийдвэрлэх гээд олон ажил хийж байгааг комиссын хорооныхон хэлсэн. Хурдан морьдын уралдаан үзэхээр ирсэн иргэд өмнө нь төмөр сандалд суудаг байсан бол энэ жил бетонон суурьтай модон сандал дээр тухлах юм байна. Мөн бие засах газрын тоог нэмж, нэг худаг барихаар болжээ. Тохилог, тав тухтай орчин бүрдүүлж,  Хүй долоон худаг өнгө нэмнэ гэдгийг баяр наадмын комиссынхон дуулгалаа.

22-ын товчоо чиглэлийн замыг ирэх сарын 7-нд ашиглалтад оруулна

Наадмын бэлтгэл ажил өрнөж байгаа ч Хүй долоо худаг, морь барианы газрыг зорих гол зам болох 22-ын товчоо чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэлийн ажил удаашралтай байгааг салбар хорооныхонд анхаарууллаа. Ирэх долдугаар сарын 7 гэхэд энэ замын ажлыг дуусгах үүргийг нийслэлийн Авто замын газарт үүрэг болголоо. Хэдийгээр богино хугацаа үлдээд байгаа ч гол нь зам, гүүрийн ажлыг чанартай гүйцэтгэх ёстой гэлээ. Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од “Наадмаас өмнө 22-ын товчоо чиглэлийн авто зам, гүүрийн ажлыг дуусгахаар бид гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байна. Ажилчдын тоог нэмж, өдөр шөнөгүй ажиллаж байгаа” гэсэн. Хэрэв хугацаанд нь чанартай гүйцэтгэж амжихгүй бол Засгийн газрын нэрийн өмнөөс хариуцлага тооцно гэдгийг  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд сануулав. Баяр наадмаас өмнө нийслэлийн бүх уулзварт тэмдэглэгээ хийх бөгөөд нийслэл хотод 3600 гаруй гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ. “Нарантуул” худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүрх авто машины замыг нээж байгаа юм байна. Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих авто машины түгжрэл багасна гэв. Энэ замын нээлт өнөөдөр болох аж.

ТҮК-ийнхэн цэвэр цэмцгэр орчинг бий болгоно

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс салбар бүрээр ажиллаж байгаа. Үүний нэг болох тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо нийслэлд өрнөж буй зам, засварын зарим ажлыг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр баяр наадмаас өмнө дуусгах үүрэгтэй ажиллаж буй. Одоогоор нийт 47 зам, 12 мянга 720 метрквадрат хэвтээ тэмдэглэл, 1000 ширхэг тэмдэг хийж, 38 замд урсгал засвар хийж байгаа аж.  Мөн зургаан гүүрэнд урсгал засвар хийж байгаа бол орон сууцны хороолол доторхи 20 км автозамын шинэчлэл, засварыг хийж байгаа юм байна.  Гадаад, дотоодынхон Үндэсний их баяр наадмыг сонирхохоор нийслэлд ирдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг гэдгийг албаныхан хэлж буй. Тиймээс баяр наадмаас өмнө гол, гол замуудын засварыг дуусгахаар ажиллаж байгаа гэлээ. Баяр наадмаас өмнө Дархан-Уул аймаг руу салдаг уулзвар хүртэлх долоон км замын хучилтыг хийж дуусгах, мөн 140 км явган замыг шинэчилж, бичил цэцэрлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай 34-ыг байгуулж, 28 байршилд цэцгийн мандал 8000 метрквадрат, шинээр 80 мянга 600 метрквадрат талбайд зүлэгжүүлэлт хийж дуусгахаар ажиллаж байгаа гэж салбар хорооныхон дуулгасан. Ард түмнээ баясан цэнгүүлэхийн зэрэгцээ улс орноо гадаад ертөнцөд сурталчилдаг,  Засгийн газрын өмнө үүрэг хүлээсэн өндөр хариуцлагатай энэ ажлын бэлтгэл УИХ-ын ээлжит сонгуультай холбоотойгоор цалгардаж болохгүй гэдгийг салбар комиссын дарга нар хэлж байгаа юм.

Худалдааны зөвшөөрлийн 60 хувийг “хуушууранд”

Баяр наадмаар хамгийн гүйлгээтэй “бараа” хуушуурын худалдаа байдаг. Энэ удаагийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд 100 гаруй аж ахуй нэгж 500 гаруй цэгт үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. Үүний 60 гаруй хувь нь зөвхөн хуушуурын худалдаа байх аж. Наадмын үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн хүнс, хоолны худалдаанд олгож байгаа. Өмнөх жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн “барааны зах шиг” болдог гэсэн шүүмжлэл дагуулдаг байсан. Харин өнгөрсөн жил энэ үйлчилгээний зөвшөөрлийг өгөхгүй гэж байлаа ч иргэд зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлдэг ч үүнийг нь зохицуулах боломжгүй байдаг гэж албаныхан хэлж байсан. Энэ удаад ч мөн ийм асуудал  гаргахгүйн тулд хяналттай ажиллана гэлээ. Худалдаа үйлчилгээ эрхлэгч нар зөвшөөрөл олгосон цэгт, цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч байрлуулж, дүрэмт хувцастай байх шаардлага тавьж байгаа гэв. Хүнсний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага ажиллах юм.

“Арын албаныхан” үүргээ гүйцэтгэнэ

Баяр наадмын өмнө “Монгол туургатны соёлын өдрүүд” Сүхбаатарын талбайд үргэлжилдэг бөгөөд  дүүрэг бүр оролцдог. Аливаа баяр наадмын үеэр амралтгүй ажилладаг нь “арын албаныхан” буюу цагдаа, эмнэлэг, нийтийн тээвэр, түргэн тусламж, мэргэжлийн хяналтын байцаагч нар байдаг. Баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын 178 байцаагч ажиллаж, иргэдийн гомдлын дагуу хяналт хийх, дуудлагын тусгай хэсэг бэлэн байдалд ажиллаж юм байна. Эмнэлэг болон цагдаагийн байгууллага байнгын бэлэн байдалд ажиллах бол нийтийн тээврийн үйлчилгээнийхэн Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд 28, Хүй долоо худаг чиглэлд 20 автобусаар иргэддээ үйлчлэхээр болжээ. Наадмын үеэр хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллах, иргэдийг чирэгдүүлэхгүй байх нь “арын албаныхны” үүрэг юм.

Гадныхан 100 ам.доллараар наадам сурвалжлана

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн мандатны бүртгэлийн ажил эхэлсэн. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сэтгүүлчдийн мандатны үнийг өнгөрсөн жилийн хэвээр нь баталсан бөгөөд дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч 15 мянган төгрөг, гадаадын сэтгүүлч, сурвалжлагчид 100 ам.доллараар наадам сурвалжлах мандатаа авна. Хүсэлтийг энэ зургадугаар сард багтааж аваад, үүний дагуу сурвалжлах эрхийн бичгийг тараана. Өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн 800 гаруй ажилтан баяр наадмыг сурвалжилж, иргэддээ мэдээлэл түгээх эрх авч байсан юм байна. Мөн Төв цэнгэлдэхийн дотор, гадна болон Хүй долоо худаг, Сурын талбайд том дэлгэц байрлуулж, наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлэх юм байна. Наадамчид хаанаас ч баяр наадмын үйл ажиллагааг үзэх боломжийг нээж өгч байгаа юм байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар монголчууд зохион байгуулалтын ажлаас болж бухимдах зүйлгүй сайхан наадах боломжийг бүрдүүлэхээр Үндэсний баяр наадмын комисс ажиллаж байна. Шинээр хийж байгаа ажлууд цөөнгүй байгаагийн дээр өмнө хийдэг байсан ажлуудаа ч чанарын өндөр төвшинд хийхийг салбар хороодод үүрэгдсэн. УИХ-ын сонгууль гээд хэн хүнгүй цаг зав муутай байгаа ч уламжлалт баяр наадмаа сайхан тэмдэглэх үүрэг хүлээсэн албаныхны ажил ид өрнөж байна.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж