Сильвио Берлускони шоронгийн босгон дээр

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Сильвио Берлускони шоронгийн босгон дээр

Италийн Засгийн газрын тэргүүн асан Сильвио Берлусконид татвар төлөөгүй, санхүүгийн залилан хийсэн хэргээр хорих ял оноож магадгүй байна. Уг хэрэг нь экс-ерөнхий сайдын  “Mediaset” компанитай холбоотой бөгөөд компанийн удирдлага санхүүгийн тайлангаа тогтмол буруу гаргаж ирсэн гэнэ.

Италийн прокурорын газраас Сильвио Берлускони 1990-ээд онд  татвараас зугтах санхүүгийн системийг нэг биш удаа ашигласан гэж баталж байгаа ажээ. Fininvest офшорын бүсэд зуучлагчаар дамжуулан 1994–1999 онд Америкийн ТВ-сувгууд ба киног үзүүлэх эрхийг 470 сая еврогоор худалдан авсан гэж яллагч үзэв. Энэхүү эрхийг дараа нь “Mediaset” шилжүүлэн авчээ. Прокурорын тогтоосноор энэхүү эрхийн  үнийн баримтаар ихэсгэж зөрүү мөнгийг офшорын бүсэд тусгайлан байгуулсан ноён Берлусконийн сангуудад шилжүүлж байжээ.

Яллагч экс-ерөнхий сайдын эдгээр сангуудтай холбоотой байсныг тогтоосон гэж хэлж байна. “Эдгээр сангуудад Берлусконийн оролцоо байгаа” хэмээн прокурор Фабио де Паскуале хэлэв. Италийн Засгийн газрын тэргүүн асныг гурван жил найман сар хорих, “Mediaset” компанийн тэргүүн Фиделя Конфалоньерид гурван жил дөрвөн сарын хорих ял өгөхийг  прокурор шаарджээ.

Яллагдагч эдгээр бүх ялыг үгүйсгэж байгаа гэнэ. Италийн дуулиантай ерөнхий сайд байсан Берлускони өөртэй нь холбоотой гэх өөр бусад  олон тооны хэргүүдийг ч үгүйсгэж байлаа. Сануулахад, ноён Берлусконийг авлигын хэрэг болон насанд хүрээгүй охинтой сексийн харилцаанд орсон гэх хэргүүдээр яллах дуулиан дэгдсэн боловч батлагдаагүй. Харин энэ удаагийн хэргийг гэрчлэх ихээхэн хэмжээний баримт прокурорын газарт байгаа гэжээ.  “Mediaset”  компанийн хэргийн дараагийн шүүх хурал ирэх долдугаар сарын 2-ны өдөр болно.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж