Эрчим хүчний салбарт инновацийн технологи нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарт инновацийн технологи нэвтрүүлнэ

“Эрчим хүчний салбарт инновацийг нэвтрүүлэх боломж манай улсад бий.
Гэхдээ алгуур байна. Хоёр хөрштэйгөө эрчим хүч экспортолж, импортолж
байгаа энэ үед шинэ технологиудыг түргэн хугацаанд нэвтрүүлдэг байх
ёстой” гэж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат
компанийн гүйцэтгэх захирал Э.Түвшинчулуун ярьж байна. Чингис зочид
буудлын хурлын танхимд өчигдөр болсон “Цахилгаан дамжуулах
сүлжээ-Инноваци” нэртэй олон улсын онол, практикийн бага хурлаар
яригдсан олон асуудлуудын нэг. Манай улсын эрчим хүчний салбарыг дэлхийн
жишигт хэрхэн нийцүүлж, хөгжүүлэх вэ гэдгийг Орос, Хятад, АНУ зэрэг
зургаан улсын мэргэжилтнүүд санал, солилцож басхүү зөвлөгөө өгсөн нь
энэ.

Монгол Улсын хувьд энэ салбарын хөгжлөөр дэлхийн бусад улсаас тодорхой
хэмжээгээр хоцорч байгаа аж. Дэлхийд эрчим хүчний салбарт инновацийн
технологи эрчимжиж, ухаалаг технологийг нэвтрүүлээд байгаа юм. Харин
манай улсад одоогоор инновацийн технологи битгий хэл, дэлхийн жишигт
нийцсэн эрчим хүчний тоноглол нэвтрээгүй байна. “Танай улсад энэ төрлийн
технологийг нэвтрүүлэх боломж бий. Гагцхүү төрийн зүгээс бодлогоороо
дэмжих шаардлагатай. Нөгөө талаас мэргэжилтэн бэлтгэх шаардлага
ажиглагдаж байна” гэж Германы мэргэжилтэн Херберт Хайнц ярьж байсан
удаатай.

Одоогоор инновацийн технологийг нэвтрүүлэхээс өмнө манай улс хуучирсан
тоноглолуудаа засч сэлбэх талаар л ажиллаж байгаа аж. “Бид 50-60 жил
ашиглаж байгаа 220, 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцуудын
тоноглолтой байна. Үүнийг үе шаттайгаар шинэчлэх ажил хийж эхлээд байна.
Үүнийг дэлхийн жишигт нийцүүлэн хийх ёстой” гэж “Цахилгаан дамжуулах
үндэсний сүлжээ” ТӨХК-ны гүйцэтгэх захирал Э.Түвшинчулуун ярив.

Үүнээс гадна бидэнд нэг асуудал бий. Энэ нь эрчим хүчний хэрэглээний
тэлэлт. Улаанбаатар хотод л гэхэд нэг сая 300 мянган хүн амьдарч байгаа
гэсэн тооцоо бий. Айл өрх тэлэх тоогоор цахилгааны хэрэглээ өндөрсч,
ачаалал ч ихэсч байгаа аж. Хэрвээ бид энэ байдлаараа байх юм бол 2020 он
гэхэд ачааллаа дийлэхээ болих судалгаа гарсан байна. Мөн уул уурхайн
салбарын хөгжилтэй уялдан говийн бүсийн эрчим хүчний хэрэглээ өмнөхөөсөө
ихэсч байгаа аж. “Говийн бүсийг ямар ч сааталгүй эрчим хүчээр хангахын
тулд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих
ажил эрчимтэй өрнөж байна” гэж Э.Түвшинчулуун ярив.

“Цахилгаан дамжуулах сүлжээ-Инноваци” олон улсын онол практикын бага
хуралд ОХУ, Англи, БНХАУ, Энэтхэг, Япон, АНУ-ын мэргэжилтэн, компанийн
төлөөлөгчид оролцож байна. Эдгээр мэргэжилтнүүд цахилгаан дамжуулах
агаарын шугамын тулгуур, дамжуулагч утас, хүчний трансформатор, таслуур,
хуурай салгуур, хийн тусгаарлагт дэд станц зэргийг техникийн дэвшлийг
ашиглан хэрхэн хийх талаар санал, солилцож байгаа юм.

БНХАУ гэхэд л одоогоос дөрвөн жилийн тэртээ инновацийн технологийг эрчим
хүчний салбарт хэрэгжүүлж эхэлжээ. Тэд давхар хяналтын систем, тоон
технологийн удирдлага, шугамын дамжуулах хүчийг нэмэх төхөөрөмжийг
ашигласан байна. Эдгээрийг нэвтрүүлснээр эрчим хүчний зарцуулалт
багассан бөгөөд доголдол, саатал гарах нь харьцангуй багассан байна.

Одоогоор тэд Хятадын өндөр уулсын бүсд байгаа айлуудад цахилгаан түгээх
дараагийн шатандаа оржээ. Тэд одоогийн байдлаар судалгааны шатандаа
байгаа аж. Мөн тэд бүс нутгийнхаа бусад орнуудад туршлага судлуулах
замаар олон мэргэжилтнүүдийг нутагтаа урьж, мэргэжил дээшлүүлэх
сургалтад хамруулдаг юм байна.

“Дэлхий нийтээрээ эрчим хүчний ухаалаг сүлжээ буюу смарт грит руу шилжиж
байна. Дэлхийн хөгжилтэй орнууд ч энэ төрлийн шинэчлэлтийг эрчимтэй
хийж байгаа. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат
компанийн хувьд ухаалаг сүлжээ рүү шилжих ажлыг тодорхой төвшинд,
техникийн бодлогын хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлэх болно” гэж
Э.Түвшинчулуун ярилаа.

Ямар ч байсан дэлхийн томоохон компаниуд эрчим хүчний инновацийн
технологийг нэвтрүүлэх боломж бий гэдгийг хэлж байна. Харин үүнд төрийн
томоохон бодлого хэрэгтэй гэдгийг сануулсан юм.

Э.Түвшинчулуун: Эрчим хүчний тоноглолуудыг
 нэн даруй шинэчлэх шаардлагатай

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн
гүйцэтгэх захирал Э.Түвшинчулуунаас цахилгаан дамжуулах сүлжээний
өнөөгийн байдлын талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Монгол Улсын цахилгаан дамжуулах сүлжээний өнөөгийн байдал ямар байгаа вэ? Дэлхийн жишигт хүрсэн үү?

-Сүүлийн жилүүдэд манай компани Германы “Siemens” компаниас цахилгааны
тоноглолыг тавьсан. Дан ганц энэ компани ч гэлтгүй дэлхийд нэр хүндтэй
компаниудаас тоноглол суурилуулж байгаа. Энэ нь эрчим хүчний алдагдлыг
бууруулах, найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд маш чухал ач холбогдолтой.


-Гадны мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцож байгаа энэ өдрийн арга хэмжээний ач холбогдол юунд оршиж байгаа вэ?

-Өнөөдөр /өчигдөр/ болж байгаа хурал, зөвлөгөөнд дэлхийн томоохон
компаниудын төлөөлөгчид ирсэн. Тоогоор илэрхийлбэл нийтдээ зургаан улсын
17 компанийн төлөөлөл манай орны мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцож
байгаа юм. Урьд нь манай оронд дэлхийн томоохон үйлдвэрлэгч нар цуглаж,
харилцан туршлага солилцож байсан тохиолдол цөөхөн. Үүгээрээ л ач
холбогдолтой юм даа.

-Инновацийн технологийг Монголд нэвтрүүлэх боломж нь хэр зэрэг байдаг юм бэ?

-Инновацийг нэвтрүүлэх боломж нь манай улсад бий. Ялангуяа эрчим хүчний
салбарт нэвтрүүлэх боломж нь өндөр байгаа. Техник, технологи асар
хурдтай хөгжиж байгаа шүү дээ. Таван жилийн өмнө гарсан тоноглолууд одоо
хоцрогдох жишээтэй. Тиймээс бид энэ хурдаас хоцрохгүйгээр, дэлхийн
томоохон тоноглолуудыг Монголд нэвтрүүлэх ёстой. Манай компани эрчим
хүчний экспорт, импортын салбарыг хариуцдаг. ОХУ-тай хамтран ажилладаг.
Мөн бид нар БНХАУ-тай эрчим хүч экспортлох, импортлох асуудал яригдаж
байгаа. Энэ нөхцөлд дамжуулах сүлжээний тоноглол хамгийн түрүүнд
шинэчлэгдэх ёстой.

-Цахилгаан дамжуулах сүлжээний өнөөгийн нөхцөл байдал ямар байна?

-Одоохондоо ажил хэвийн байгаа. Гэхдээ тоног төхөөрөмж нь 30-40 жил
болчихсон. Хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж Монгол Улсын
цахилгаан дамжуулах сүлжээний 60 гаруй хувийг эзэлж байгаа. Үүнийг үе
шаттайгаар шинэчлэх ажлыг шуурхай хийх хэрэгтэй. Шинэчлэлтийг нэг дор
бүгдийг нь, түргэн хугацаанд  хийх боломж байхгүй. Эрчим хүчний
тоноглолууд ч гэсэн өртөг өндөртэй байдаг. Тиймээс бид үе шаттайгаар энэ
ажлыг эхлүүлэх ёстой. Зарим ажил нь эхэлчихсэн явж байна.

-Өнгөрсөн жил цахилгаан дамжуулахад ямар нэгэн саатал, доголдол гарсан болов уу?

-2011 онд өвлийг амжилттай давсан. Манай компанитай холбоотой тасралт,
саатал гараагүй. Харин байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж 
өнгөрсөн намар Дарханд тулгуур баганууд унасан тохиолдол гарсан. Үүнийг
манай хамт олон богино хугацаанд хэвийн байдалд нь оруулсан. Үүнийг
зөвхөн манайх ч биш Эрчим хүчний газар, Хариуцсан яам, тамгын газрууд,
Улсын онцгой комисс гээд бүх газрууд түргэн шуурхай ажилласан. Энэ нь
нэг талаас манай ажилчдад томоохон сургамж болсон. Өмнө нь ийм олноороо
цахилгааны тулгуур багана унаж байгаагүй юм.  

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж