Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Хүлээлт ба уналт

Хууль тогтоох байгууллага пар­ла­ментын сонгууль Монголд болж буй халуун өдрүүдэд эдийн за­саг ялангуяа уул уурхайн салбар хү­лээлтийн горимд шилжчихээд байна. Юу, юугүй л мөнгөн бороо цутгаад эхлэх нь үү гэмээр өнгө төрх өдрийн од шиг үзэгдээд өнгөрсний учир нь гадаа­дын  гигантууд Монголын улстөрийн аль нам эсвэл засгийн эрх барихыг холоос харзнасан шигээ суух болсон явдал юм.  Тэдний ийн бэргэх шалтгаан нь Монголын улс төрийн тогтворгүй байдал, улстөрчдийнх нь хаврын тэнгэр шиг араншин. Жаахан шалтгаар далимдуулан улстөрчид  сав л хийвэл хуулиа өөрчлөхөөр улайрч, шинэ хуулийн төсөл боловсруулан хөрөнгө оруулагчдын  үнхэлцгийг хагалчих шахдагийг уул уурхайн салбарынхан шүүмжилдэг. Тиймээс халуун зунаар өрнөж буй Монголын улс төрийн халуухан тэмцэлд энэ удаад ямар нам хүчин ялах бол хэмээх хүлээлтээс болж уул уурхай, хөрөнгийн зах зээлд ч сөрөг үзэгдлүүд харагдах боллоо. Энэ нь Монголын макро эдийн засагт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх вий гэсэн эмзэглэл эдийн засагчдын дунд байна. Учир нь 2012 он гарсаар төгрөгийн худалдан авах чадвар тасралтгүй суларч байгаагийн зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлд Монголд  үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хувьцааны ханш эрчимтэйгээр унах болсон юм.

Ойрын өдрүүдэд Хонконг, Лондон, Нью-Йорк, Австрали гээд олон улсын хөрөнгийн биржүүдээр арилжаалагдаж буй Монголын уул уурхайн  салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа байнга уруудаж байна.  Өчигдрийн байдлаар Ухаа худагийн ордод үйл ажиллагаа явуулдаг “Монголын уул уурхайн корпо­раци”-ийн хувьцааны ханш Хон­конгийн хөрөнгийн бирж дээр 4.9 хонк.доллар, Берлиний хөрөнгийн бирж  дээр 0.5 евро, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз” ком­панийн хувьцааны ханш То­ронтогийн хөрөнгийн бирж дээр 10.4 канад доллар, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 10.3 ам.доллар, “Рио Тинто”-гийн хувьцааны ханш  Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 47.4 ам.доллар, Австралийн  хө­рөнгийн бирж дээр 57.5 авст­рали.доллар, Өмнөговийн Овоот­толгойн орд дээр үйл ажил­лагаа явуулдаг “Саусгоби Сэндс”-ийн толгой компани “Саус­гоби ресорсиз”-ийн хувь­цааны ханш Торонтогийн хөрөн­гийн бирж  дээр 5.3 канад.доллар байв. Өнгөрсөн хугацаанд хувьцааны ханш нь хамгийн уналттай байгаа компани бол “Айвенхоу Майнз”, “Интрий гоулд”, “Петро Матад”  компани болоод байгаа юм. “Айвенхоу Майнз”-ын хувьд “Рио-Тинто”-д өөрийн компанийнхаа 51 хувийг худалдсанаас хойш хувьцааных нь ханш байнга унасаар байгаа орчихоод буй билээ.

“Монголын уул уурхайн  кор­пораци”-ийн нэгж хувьцаа­ны үнэ өнгөрсөн  гурав, дөрөв­дүгээр сард 8,13 хонк.доллар бай­сантай харьцуулахад өнөөд­рийн байдлаар бараг 50 хувь хямдраад байна. Тэгвэл оргил үедээ нэгж хувьцааны үнэ нь  20 канад.доллар хүрдэг байсан “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш өчигдрийн байдлаар 10,4 канад. доллар хүрсэн нь бараг тал хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өмнөговийн  Овооттолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг  “Айвенхоу Майнз”-ын охин компани болох “Саусгоби Сэндс”-ийн хяналтын хувьцааны 60 гаруй хувийг Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны үйлдвэр олох “Чалько”-д зарах болсон сургаар “Айвенхоу”-гийн хувьцааны ханш огцом өссөн бол өнөөдөр ийнхүү шалдаа уначихаад байна.

Өчигдрийн хувьд “Петро Матад”-ын хувьцааны ханш нэгж нь 9.5 пенс   болж өмнөх өдрийн хаалтын ханшнаас 7,04 хувиар өссөн ч гэлээ өнгөрсөн жилийн сүүлчтэй харьцуулахад тус компанийн хувьцааны ханш нэлээд буурчихаад байгаа юм.  Сүүлийн саруудад тус компанийн хувьцаа байнга уналттай, өслөө гэлээ ч төдийлөн өөрчлөгдөхгүй, оны эхэнд 37 пенс байсан хувьцааны ханш  уруудсаар дөрвөн жилийн өмнөх IPO гаргасан анхныхаа үнээс ч доошоо орчихоод буй.  2011 онд “Петро Матад” компанийн хувьцааны ханш хамгийн дээд оргилдоо хүрсэн нь 130.5 пенсээр зарагдсан явдал байлаа. Лондонгийн хөрөнгийн биржийн AIM зах зээл дээр бүртгэлтэй “Петро Матад лимитед” /LON:MATD/ компанийн хувьцааны ханш ийнхүү унах болсон гол шалтгаан нь Давсантолгойд хийсэн өрөмдлөг нь амжилтгүй болсон хийгээд тус компани энэ 2012 онд дахин өрөмдлөгийн ажил хийхгүй гэсэн мэдэгдэлтэй нь холбоотой аж. Гэхдээ хувьцааны ханш уналт үргэлжилснээс болсон уу , ямар ч байсан тус компани Давсантолгойд дахин өрөмдлөг хийхээ мэдэгдээд байгаа. Хэрвээ энэхүү өрөмд­лөг амжилттай болбол тус компанийн хувьцааны ханш өснө гэдэгт компанийн удирд­лагууд итгэлтэй байгаа аж.

Овооттолгойд үйл ажилла­гаа явуулж буй “Саусгоби Сэндс”-ийн хяналтын хувь­цаа­ны 60 хувийг “Айвенхоу Майнз”-ын удирдлагууд Хя­тадын “Чалько”-д зарахаар яриа хэлэлцээр өрнүүлсэн нь Мон­голд дуулиан дэгдээж, УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан нь хөрөнгө оруулагчдыг багагүй болгоомжлолд оруулчихаад байгаа юм. Үүн дээр салбарын сайдын ирэх таван жилд шинээр лиценз олгохгүй гэсэн хатуухан мэдэгдэл, парламентаар батал­сан Байгаль, орчны багц хуу­лиуд хөрөнгө оруулагчдыг хүлээл­тийн байдалд хүргэх томоохон шалтгаан болоод буй аж. Түүнч­лэн зарим улстөрчдийн гадаадын хөрөнгө оруулагчдыг үзэн ядах сэтгэлгээ ч гал дээр тос нэмэхийн адил болчихоод байгаа юм байна.

Ийнхүү хүлээлтийн горимд шилжсэн Монголын эдийн засагт уналтын дохио анивчсан хэвээр байна.

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж