Коксжих нүүрсний чанар, нөөцөөрөө дэлхийд тэргүүлж, гадаадынхны анхаарлыг цэг болоод байгаа Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төсөлтэй холбогдон УИХ-аас Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн нэг ширхэг хувьцааг үнэгүй бэлэглэхээр шийдвэрлэсэн нь ийнхүү сонгуулийн өмнөхөн биеллээ олов. Өөрөөр хэлбэл, сонгууль болохоос ердөө долоохон хоногийн өмнө Засгийн газар Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн нэг ширхэг хувьцааг олгож буйгаа зарлалаа. Хэдийгээр монгол хүн болгон Монголын хамгийн баян, хүчирхэг компанийн давуу эрхийн хувьцаатай болж байгаа нь сайхан хэрэг ч яагаад жилийн өмнө, бүр арга ядахдаа сарын өмнө энэхүү асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болоогүй юм бол. Ямар учраас сонгуулийн өмнө энэхүү давуу эрхийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр болсноо зарлаад байна вэ. Энэ арай сонгуулийн шоу биш биз хэмээн хардах хүмүүс ч цөөнгүй байна.
“Эрдэнэс МГЛ” компани нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 51, “Оюутолгой” компанийн 34,“Багануур” компанийн 75 хувийг эзэмшиж байгаа. Тэгэхээр ийм баян, хүчирхэг компанийн давуу эрхийн хувьцаатай болсон иргэд Засгийн газарт онц дүн тавина хэмээн итгэсэн юм болов уу даа.
Ямар ч байсан Монгол Улсын иргэн бүр 1072+1 ширхэг хувьцаатай боллоо. Тэгэхээр энэхүү 1 ширхэг давуу эрхтэй хувьцаа нь 1072 энгийн хувьцаанаас юугаараа илүү бас дутуу вэ. Монголын эрдэнэсийн санг хариуцаж байгаа, тодруулбал, стратегийн жагсаалтад орсон 15 орд болоод цаашдаа ч стратегийн гэх тодотголд орох ордууд /шинээр илэрсэн томоохон хэмжээний орд/-ыг эзэмшиж буй “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн хувьцаа “Эрдэнэс Тавантолгой”-н энгийн 1072 ширхэг хувьцаанаас шаал өөр. “Эрдэнэс Тавантолгой” компани зөвхөн Тавантолгой ордоос ашиг хүртэх бол “Эрдэнэс МГЛ” нь өнөөдрийн байдлаар стратегийн жагсаалтад багтсан 15 ордоос ашиг хүртэх эрхтэй. Энэ нь “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн хувьцааны нэг давуу тал. “Эрдэнэс Тавантолгой” компанийн энгийн 1072 ширхэг хувьцаагаа зарж, худалдаж болно. Үгүй дээ л үр хүүхэддээ өвлүүлж, үлдээж болно. Компани ашигтай ажилласан тохиолдолд жил бүр тодорхой хэмжээний ногдол ашиг хүртэнэ. Харин “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн нэг ширхэг хувьцаагаа зарах, худалдах эрхгүй. Бусдад шилжүүлэх, өвлүүлэх бүр ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү давуу эрхийн нэг ширхэг хувьцаа иргэнийг нас барсны дараа автоматаар компанийн мэдэлд шилжих юм. Ойрын хугацаанд давуу эрхийн хувьцааны хуваарилалт, ногдол ашиг гэж байхгүй. Яагаад гэвэл Тавантолгой, Оюутолгойн ордуудыг хараахан ашиглалтад оруулаагүй байна. Нэр дурдсан ордуудыг ашиглаад эхлэхээр иргэн бүр давуу эрхийн хувьцаанаасаа ногдол ашиг хүртэнэ гэж ойлгож болно.
УИХ-ын тогтоолоор бол “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхтэй гурван сая хувьцаа гаргах ёстой. Монгол Улс өнөөдрийн байдлаар 2.8 сая иргэнтэй хэмээн тооцвол цаана нь үлдэж байгаа 200 мянган ширхэг хувьцааг шинээр мэндлэх иргэдэд олгох аж. Монгол Улсын иргэн жилдээ 40-60 мянгаар өсч буй болон гадаадын иргэн болсон, нас барсан иргэнээ хасч тооцохоор дээрх хувьцаа нь 3-4 жилдээ хангалттай хүрэлцэх юм байна.
Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн бас нэг асуудал бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тухай. Хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувийг олгож байгаа банкуудтай нэмэлт гэрээ байгуулан өгөхөөр болжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 29-ний байдлаар нэг сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтээ гаргасны олонх нь нэг сая төгрөгөө бэлнээр авах, үлдсэн нь орон сууц, банкны зээл, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр худалдах хүсэлтэйгээ илэрхийлсэн аж. Харин зургадугаар сарын 20-ны байдлаар 1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 82 аж ахуйн нэгж 2 тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд оруулаад байгаа аж. Хувьцаа худалдан авах захиалгаа ирүүлсэн 1096 аж ахуйн нэгжийг энэ сарын 28 гэхэд мөнгөө төвлөрүүлсэн байхыг Засгийн газраас шаардаж буй юм.