Үерт өртсөн 11 өрхөд гэр олголоо

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Үерт өртсөн 11 өрхөд гэр олголоо

Өчигдөр нийслэлд орсон хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт үер буусан. Энэхүү үерээс үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, асуудлуудыг шийдвэрлэлээ.

Үерт нийтдээ 240 иргэн ямар нэг хэмжээгээр өртсөн бөгөөд 11 айл орон гэргүй болсон байна. Нэг хүүхэд, гурван том хүн үерт өртсөнийг авран хамгаалж, эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна. Нийслэл дүүргийнхэн үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авсны дүнд хүний амь нас эрсдээгүй, учирч болох хохирлыг бууруулж чадсан байна. Үерт өртөж, орон гэргүй болсон 11 өрхөд өнөөдөртөө багтаж гэр олгож дуусах юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг холбогдох албаныхан мэдээлэл хийсний дараа тодорхой үүрэг даалгавар өглөө. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бол ойрын үед бороо үргэлжлэн орохоор байгаа. Өчигдрийн борооноос үүссэн нөхцөл бол эхлэл. Иймд онцгой чиг үүрэгтэй бүхий л газрууд өндөр бэлтгэлтэй байж, нэн түрүүнд иргэдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг даалгалаа. Цахилгаан тасарсан газарт өнөөдрийн дотор шуурхай арга хэмжээ авч тасалдлыг арилгах, мөн зөвшөөрөлгүй, үерийн аманд буусан айлуудад буух газрыг нь зааж өгч, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Газрын албанд, үерийн улмаас бохирдсон газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг нийслэлийн Мал эмнэлэгийн газарт үүрэг болгосон.

Түүнчлэн бага насны хүүхдүүдийг эцэг эхийн хараа хяналтгүй гадуур явуулах, гол усны ойр тоглуулах, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох үүднээс голын ай сав газарт амарч, зугаалахгүй байх талаар анхааруулж эргүүл гаргаж ажиллахыг холбогдох газруудад даалгалаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж