Сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлалаа

Азийн хөгжлийн банкнаас сэтгүүл зүйн олон улсын уралдааныг зарлаж байна. “Ногоон хөгжил үү – Хөгжлийн эсрэг ногоон уу” сэдэвт энэ уралдаанд Ази, номхон далайн бүсийн орны сэтгүүлчид оролцох боломжтой ажээ.

Уралдаанд ирүүлэх сэтгүүл зүйн бүтээл нь Ази, номхон далайн бүсийн орнуудын хүн ам зүйн болон байгаль орчны судалгаан дээр тулгуурлан, асуудал хөндсөн байх ёстой гэнэ. Тухайлбал, цаг уурын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, хот байгуулалтын тухай сэдвүүдийг сонгон оролцох боломжтой юм байна. Уралдааныг шүүх олон улсын баг тухайн бүтээл Ази номхон далайн бүсийн орнууд дахь доогуур амьжиргаатай иргэдийн амьдралыг ямар өнцгөөр харж байгаад анхаарлаа хандуулах гэнэ. Шүүгчид эцсийн шатанд 25 оролцогчийг шалгаруулж, арваннэгдүгээр сард Токио хотноо Азийн хөгжлийн банкны Хүрээлэнгийн байранд болох Хөгжиж буй Азийн сэтгүүл зүйн олон улсын бага хурал болон шагнал гардуулах ёслолд урих ажээ. Нэг, хоёр, гуравдугаар байраар тус бүр нэг сэтгүүлчийг шалгаруулж, мөнгөн шагнал олгох ба хөгжлийн тухай бичигч нэг залуу сэтгүүлчийг урамшуулах юм байна.

Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засаг хурдацтай өсч байгаа нь байгалийнхаа болон эрчим хүчний нөөц баялаг дээр тулгуурлан хөгжиж буйгаас улбаатай гэдэг. Тийм ч учраас байгалийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгох хэрэгцээ, шаардлага гарч байгаа бөгөөд энэ нь энгийн иргэдийн амьдралд хүндээр нөлөөлдөг байна. Иймээс тогтвортой хөгжилд хөтлөх үйлст сэтгүүлчдийн дуу хоолойг ийнхүү онцолж байгаа ажээ.

Бүтээлийг наймдугаар сарын 31-нийг хүртэл хүлээн авах бөгөөд дараах хаягаар http://www.adbi.org/daja.awards/register.php  бүртгүүлэх боломжтой.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж