-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны талаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудлаар Засгийн газар шийдвэр гаргаж үндэсний аж ахуйн нэгжүүдээс төвлөрөөд байгаа мөнгөн дээр хувьцаагаа зарах сонирхолтой иргэдийн хүсэлтийг биелүүлж, хувьцааг нь худалдаж авах замаар иргэдэд мөнгийг нь өгье гэсэн. Нөгөө талаар компаниудаас цуглуулаад байгаа мөнгөөр хувьцаа авах, тухайн компанийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах талаар шийдвэр гаргалаа. Хувьцааны захиалга өгсөн иргэдэд хувьцаа худалдаж авч борлуулсны орлогыг хэрхэн яаж зохион байгуулах талаар Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ш.Солонго нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, тодорхой журам гаргаж ирээд арилжаа явуулахаар боллоо.
-Хэзээнээс мөнгийг олгох вэ?
-Хувьцаагаа буцаах хүсэлт асар их орж ирж байна. Наймдугаар сарын 1 хүртэл хувьцаагаа борлуулах захиалга өгсөн иргэд буцаагаад захиалгаа татаж хувьцаагаа авах бололцоотой. Засгийн газрын түрүүчийн хурлаар ингэж шийдсэн. Хоёр долоо хоногийн өмнөх Засгийн газрын шийдвэрээр 150 сая төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотойгоор олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор зарцуулах эрхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад өгсөн . Тэр 150 сая төгрөгийн ажлын хүрээнд компанийн үйл ажиллагааг танилцуулна. Тус орд зургаан тэрбум тонн коксжих нүүрстэй, жилд 20 тонныг гаргавал 300 жил нөөцийг нь ашиглах боломжтой, батлагдсан нөөцтэй орд. Ийм их нөөцтэй компанийн хувьцааг ард иргэд маань 1991, 1992, 1993 онд явуулсан өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарыг ойлгохгүй байж байгаад алдсан шигээ ойлгож их болгоомжтой хандаж байна. Хувьцаагаа буцаахдаа долоо хэмжиж нэг огтлох уриалгыг Засгийн газрын гишүүд иргэдтэй хийх уулзалт дээрээ хэлж яваа.
Бас нэг чухал шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Э”рдэнэс МГЛ” гэж компани бий. Тэр компани Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байна. Эрдэнэтийн 51 хувийг эзэмшиж байна. Тавантолгойн 100 хувийг эзэмшиж байна. Стратегийн бусад 15 ордын хувьцааг тодорхой төрд ногдох хэмжээгээр нь эзэмшдэг. Шивээ-Овоо, Багануур гээд олон компанийг эзэмшиж байгаа компани юм. Энэ “Эрдэнэс МГЛ”-ийн давуу эрхтэй хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлыг түрүүчийн сард Засгийн газар хэлэлцэж дүрмийг нь баталсан. Энэ талаар холбогдох сайд нар ажиллаад журмыг нь гаргаж иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна.
-Бэлэн мөнгөө буцаагаад хувьцаа болгоё гэвэл данс хэзээ нээгдэх вэ?
-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудаар журам нь гарна. Түрүүчийн Засгийн газрын хуралдаанаас журмыг баталсан. Иргэд буцааж мөнгөө тушаагаад хувьцаагаа авах боломжийг түрүүчийн хурлаар нээж өгсөн.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 670 мянган төгрөгийг хэзээ өгч эхлэх вэ?
-Эрдэнэтээс өмнөх жилийн ногдол ашиг 70 сая ам.доллар ХХБ-аар дамжиж орж ирсэн. Тэр мөнгө Монголбанк, Төрийн сангийн дансанд орж ирэхээр холбогдох ХААН, Хадгаламж, Капитал банкуудын дансанд шилжүүлж байж 333 мянган төгрөг эхний ээлжинд олгоно. Нөгөө талаас татвараас нөөц ашигласны төлбөр 50 тэрбум төгрөг орж ирэх ёстой. Эрдэнэс Тавантолгойн урьдчилгаа төлбөр орж ирж байж дараагийн ээлжийн мөнгийг энэ Засгийн газрын бүрэн эрх дуусахаас өмнө бүрэн олгоно.
-Эхний ээлжийн мөнгийг хэзээ өгөх вэ?
-Маргаашаас орон нутаг даяар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 333 мянган төгрөг олгож эхэлнэ. Хуулиар Хүний хөгжлийн мөнгөний гуравхан эх үүсвэр зааж өгсөн. Тэндээс мөнгө төвлөрүүлэх ажлыг зогсоо зайгүй явуулж байна.
-Хөгжлийн банкнаас төмөр замын бүтээн байгуулалтад оруулах ёстой мөнгөнөөс 670 мянган төгрөгийг олгох гэж байгаа гэдэг яриа байгаа. Үүнийг яаж ойлгох вэ?
-Тийм юм байхгүй. Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж байгаа. Эхний 50 тэрбум төгрөгийг зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд гаргасан. Дараагийн ажлууд, барилгын зээлүүд, орон сууцны санхүүгийн корпорацийн ажил, шинэ хорооллууд руу татах дэд бүтцийн асуудал явах ёстой. Эдгээрт мөнгө тавиад байна. Нэг тэрбум 200 сая ам.долларын ажлыг энэ жил банкин дээр төлөвлөсөн байгаа. Үлдэх мөнгөний зонхилох хэсэг төмөр зам руу явна.
-“Эрдэнэс МГЛ” руу төмөр замын мөнгөнөөс мөнгө шилжүүлсэн. Тэндээс Сангийн яам руу шилжүүлнэ гэсэн яриа гарсан?
-Тийм ойлголт байхгүй. Зөвхөн орон сууцны зургаан хувийн зээлийн 50 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас гарсан.