У-шу сандогийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

У-шу сандогийн УАШТ эхэллээ

Тулааны урлагийн У-шу сандагийн улсын аварга шалгаруулах нээлттэй өнөөдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн энэ жил олон улсын чанартай болж буйгаараа онцлогтой ажээ.

Тэмцээнийг Монголын У-шу санда тулааны урлагийн холбоо, Хятадын соёлын төвтэй хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд 20 гаруй байгууллагын 120 тамирчин эрэгтэй 10, эмэгтэй таван жингийн ангилалд өрсөлдөж байгаа юм. Тулааны спортоор хичээллэж, улсын аваргад оролцож буй тамирчдын тоо нэмэгдсэн нь Монголд энэ төрлийн спорт эрчимтэй хөгжиж, хүүхэд залуус ч ихээр сонирхох болсны илрэл гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Тэмцээний талаар Монголын У-шу санда тулааны урлагийн холбооны гүйцэтгэх захирал, тэмцээний ерөнхий шүүгч Ө.Саруул-од “Гурав дахь жилдээ болж буй энэ тэмцээнд ӨМӨЗО-ны тамирчид ирж оролцож буйгаараа онцлогтой. Жил ирэх бүр оролцох тамирчдын тоо өсч, чадвар ч сайжирч байна. Сүүлийн үед хүүхэд, залуус гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Иймээс тулааны спортоор хичээллэж, бие болоод ёс суртахууны өв хүмүүжил олж авахыг уриалж байна” гэлээ.

Тэмцээнд оролцохоор Өвөрмонголоос 12 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт Монголд иржээ. Тэмцээний талаар Өвөрмонголын багийн дасгалжуулагч М.Бөхөө “Тэмцээн сайхан болж байна. Чадварлаг тамирчид олон байна. Манай тамирчдын дийлэнх нь өвөрмонгол хүмүүс. Өвөг дээдсийн өлгий нутагт болж байгаа нь бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлж байна” гэв.

У-шу санда нь 4000 жилийн түүхтэй Хятадын тулааны урлаг юм. Спортын төрөл болохдоо Тао Лао, Санда хэмээх хоёр урсгал чиглэлтэй хөгжиж байна. У-шу сандагийн Ази болоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол болдог бөгөөд 2020 онд олимпийн нэг төрөл болох магадлалтай байгаа билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж