-Банкууд яагаад зээл олгохоо зогсоосон бэ. Сонгуультай холбоотой юу?
-Эдийн засаг хүчтэй хөгжих нь цаанаа ямар учиртай вэ гэвэл экспортын орлого асар ихээр нэмэгдсэн. Энэ нь эдийн засаг руу мөнгө ихээр орж ирж байна гэсэн үг. Нөгөө талаас уул уурхай ашиглахтай холбоотой шууд хөрөнгө оруулалтууд, эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ асар ихээр нэмэгдэд байна. Төв банкны хувьд барьж байгаа бодлого бол энэ мөнгийг татах бодлого явуулаад бодлогын хүүгээ 13,75 хувь болгосон. Бодлогын хүү ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр банкууд иргэдэд 15-20 хувийн хүүтэй зээл өгч байснаас төв банкиндаа 30, 60, 90 хоногоор 13, 75 хувиа хадгалуулсан нь ашигтай юм байна гээд 90 хоногийнх дээр бүр 16 хүртэл хувиар Төв банкинд мөнгөө хийчихэж байна. Ингэхээр банкуудын зээлүүлэх ёстой мөнгө нь зах зээл дээр байхгүй болоод өнөөдөр банкууд шаардлагаа, хүүгээ нэмэгдүүлснээс зээл багасч байна. Сүүлийн нэг жилд инфляци өндөр байна, 15 хувь гарч байна гэж байгаа. Түүнийг бууруулах, эрэлтийг багасгах тийм үр нөлөөг Төв банк хайж бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа юм. Банкны зээл олдохгүй байгаа нь үүнтэй шууд холбоотой.
-Ингэж бодлогын хүүгээ нэмэх нь хэр зохистой вэ?
-Миний үзэж байгаагаар Төв банк нийлүүлэлт тал дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Нийлүүлэлт гэдэг маань үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадаадаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг орлуулах хэмжээний бүтээгдэхүүн гаргах ёстой. Зээл, хөрөнгийг хангалттай бий болгож байж Монголын дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэл явуулж, илүүдэл бүтээгдэхүүн нь үнэ бууруулах нөлөө үзүүлдэг. Иймээс өнөөдөр хүүг хавтгайруулж нэмж байгаа нь буруу юм гэж үзэж байна.