“Гамлет” жүжгийн тендерт Н.Наранбаатар ялав

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

“Гамлет” жүжгийн тендерт Н.Наранбаатар ялав

УДЭТ-т өнгөрсөн баасан баасан гарагт дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт "Гамлет" жүжгийг драмын театрын тайзнаа дахин амилуулахаар найруулагч нарын дунд зарласан тендерийг шүүх шалгаруулалт боллоо. Төслийн танилцуулгын дараа шүүгчид, уран бүтээлчид өрсөлдөж буй найруулагч нарын төлөө саналаа өгснөөр "Бооцоо", "Нууц амраг чинь больё" "Парисын дар эхийн сүм", "Цэцэрлэгт учирсан хоёр", "Тэнгэрийн хүү" зэрэг жүжгээрээ чансаатай найруулагч гэдгээ харуулж чадсан Н.Наранбаатар "Гамлет"-ыг тайзнаа амилуулах эрхтэй болов.

Тендерт оролцсон найруулагч нар шүүгчид болон УДЭТ-ын уран бүтээлчдийн өмнө тайзнаа өөрийн төслийг нээлттэй танилцуулсан. “Гамлет” жүжгийн тендер шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд урлаг судлалын эрдэмтэн, орчуулагч, продюсер Ц.Майжаргал, зохиолч Г.Аюурзана, зураач, доктор н.Эрдэнцогт нар ажилласан юм. Мөн драмын театрын нийт уран бүтээлчид санаалаа өгөх эрхтэйгээр оролцсон бөгөөд хэрвээ нэг уран бүтээлч дээр 50-иас дээш хувийн жүжигчид санал өгвөл нэг санал хэмээн шүүгчдийн санал дээр нэмж дүгнэхээр болжээ. Найруулагч Б.Баатар, Б.Мөнхдорж, Ц.Найдандорж, Ч.Түвшин, Н.Наранбаатар гээд драмын театрын акулууд энэ удаад өөр өөрийн арга барилаар “Гамлет” жүжгийг хэрхэн тайзнаа тавихаар төлөвлөснөө танилцуулахаар тайзнаа “цусгүй” тулаанд мордсон юм.

Залуу найруулагч Н.Наранбаатарын багт ерөнхий зураачаар Б.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат нар ажиллах аж. Тэрбээр тендер зарласан учраас энэ жүжгийг найруулья гэж сэдээгүй, “Ромео Жулетта” жүжгийг олны хүртээл болгосныхоо дараа “Гамлет” жүжгийн тайзнаа тавих төлөвлөгөөтэй байсныхаа дагуу энэхүү жүжгийг хийхээр хоёр жилийн өмнө түүнд төрсөн эмзэглэл, сэдэлжилт явж байгаа хэмээн ойлгоорой гэв. Уг жүжгийг эмгэнэлт жанрын модерн стилээр тайзнаа тавих аж. Түүний жүжгийн гол шугам бол төр орших уу, эсвэл хүн орших уу эцэстээ орших уу эс орших уу гэнэ. Тэрбээр Гамлет бол төрийн онол гэвч энэ бол хийсвэр, үүнийг хөрсөн дээр буулгахаар хүний онол байгаа. Тиймээс энэ жүжиг эцэстээ саруул ухаанаар төр улсаа эс авч явж чадваас түүх өөрөө чамаас ял асууна хэмээн энэ жүжгээр хэлэхийг зорьжээ. Харин жүжгийн тайз нь хүний уураг тархи шиг байх гэнэ. Тэр уураг тархи болсон тайзны нүд нь өөрөө асч, хамраас нь уур савсах бөгөөд аман дахь усан хоргонд нь Офиля унаж үхэх аж. Түүнийхээр энэхүү тайз өөрөө нүүр царай болж байгаа ч нэг талаас харвал цайз, нөгөө талаас хүний оюун ухаан учраас энэ жүжиг өөрөө Гамлетын оюун ухаанд болж байгаа үйл явдлыг л харуулах юм байна.

У.Шекспирийн жүжигт тоглож, түүнийг найруулна гэдэг уран бүтээлчдийн нэр төрийн хэрэг болдог ба энэ том хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломжийг УДЭТ-ын зүгээс нийт уран бүтээлчдийн дунд ийнхүү нээлттэй олгохоор болсон. Шалгарсан төслийн багийн уран бүтээлийг УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлэх бөгөөд 150 сая төгрөгөөр эл бүтээл тайзнаа амилах юм. "Гамлет" жүжгийг анх 1979 онд Төрийн шагналт Ч.Чимэдийн орчуулгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулж, Гамлетын дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байжээ.

                                                                                                                                Д.ДОГСМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж