Тавантолгойн асуудалтай ҮАБЗ танилцаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудалтай ҮАБЗ танилцаж байна

Олны анхаарал татаж буй “Монгол 999” компанийнхан өнөөдөр хуралдаж гүйцэтгэх удирдлагаа сонгон бусад асуудлуудаа шийдвэрлэнэ. “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ даргатай 15 гишүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөл нь өнөөдөр Гүйцэтгэх зөвлөл болон гүйцэтгэх захирлаа сонгох юм. Үүнийхээ дараа “уламжлал” ёсоор хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэсэн. Гэхдээ нэгэнт баталсан ТУЗ-ийн гишүүдээс хэн нэг нь нэрээ татаж магадгүй гэсэн яриа “ниссээр” байна. Зарим нэг нөхөд нь нөгөөдөө шинэхэн нэгдлийн имижийг илэрхийлэх учраас нэрээ татчих гэсэн нөхөрсөг зөвлөгөөг дайсан хэвээр байгаа гэсэн. Үүнээс гадна тус нэгдлийнхний хувьд Тавантолгойд өрсөлдөж ялагч болохын тулд зөвхөн чин сэтгэл, нэгдлээс гадна стратеги төлөвлөгөө, тооцоо судалгаа “гартаа барих цаас”, дансандаа үзүүлэх мөнгө хэрэгтэй. Тэднээс гадна Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүд гэсэн тодотголтой манай том гэгддэг ..компанийнхан түрүүлээд Ерөнхий сайд болоод албаны хүмүүстэй нүүр тулаад уулзчихсан. Тэгэхээр өнгөцхөн харвал монголчуудын зүгээс хоёр оролцогч “ринг”-нд ил гарч ирлээ гэсэн үг. Гэхдээ бас томууд гэгдэж байгаа компанийнхан ч “нэгдвэл нэгдэе” гэсэн ерөнхий санаатай байгаа ч дотроо аль нэг компани нь ганцаарчлан тоглолт хийх эсвэл хэсэг бүлгээрээ нэгдэн тус тусдаа консорциум болох гэсэн янз бүрийн төлөвлөгөө “А”, “Б”… гэх мэт хувилбараар өрнүүлэхээр бэлтгэлтэй байгаа бололтой юм билээ. “Томууд” дундаа ч гурван фракци байгаа гэсэн яриа хэдийнэ гараад байна.
Гэхдээ “томууд” болон “Монгол 999” нэгдлийнхэн гэсэн хоёр “этгээд” л одоо байгаа. “Томууд” дундаа задарч бутарч, нэгдэж нийлэх тал талын хувилбар байгаагийн зэрэгцээ атгасан гар шиг нэгдэе гээд байсан нэгдлийнхэн дундаас ч хоёр “фронт”-д тоглогчид тодроод байгаа аж.  Ийн монголчууд өөр хоорондоо учраа ололцох гэж бяцхан дайтаж байгаа ч сонгон шалгаруулалтын журам, шалгуур ямар байх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Засгийн газраас байнга дотоодын компаниудаа түлхүү оролцуулахад анхаарна, дэмжинэ гэж байгаа ч сонгон шалгаруулалтыг журам ил болоогүй байгаа. Одоогоор урьдчилсан сонгон шалгаруулалт гэж нэрлэж байгаа уг төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг ажлын хэсгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байгаа. Хэзээ “танилцаж” дуусахыг ажлын хэсэг хүлээж байгаа. Энд одоо байгаа мэдээллээр анхны сонгон шалгаруулалтад орсон гадаадын 11 компаниас гадна монголчуудаа оролцуулах боломжийг хангасан нээлттэй байхыг чиглэл болгож байгаа. Үүнтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл танилцаад, УИХ дэмжих юм бол дээр дурдсан том жижиг нэгдлүүд сонгон шалгаруулалтын гараа рүү орж чадна. Нээлттэй сонгон шалгаруулалтаар эхний байдлаар тухайн оролцогчийн хөрөнгө оруулах боломж, хэмжээ, чадавхи зэргийг ерөнхийд нь харгалзан үзэж “шүүнэ”. “Шүүлтүүр” тавьсан оролцогчидтой яриа хэлэлцээр өрнүүлсний эцэст хэдэн оролцогчид олборлолтын эрх өгөхөө шийдэх юм гэнэ.  
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт бол төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн 100 хувийн эзэмшилд зургаан оролцогчид олборлох эрх олгоно гэсэн чиглэлтэй байгаа гэсэн санаа цухалзуулсан. Харин ажлын хэсгийнхнээс яг тав, зургаа гэсэн тоо заагаагүй, урьдчилсан сонгон шалгаруулалтын дараа л хэдэн оролцогчтой байх гэх мэт асуудал тодорхой болно гэж байгаа юм.
Энэ явцад Монголын юм уу, гадаадын консорциумууд оролцох уу эсвэл гадны нэг консорциумтай Монголын аль нэг консорциум хамтран оролцох уу гэдэг нь арай илүү тодорхой болох юм байна. Одоогоор аль аль нь байж болох хувилбар гэж байна. Мөн үндэсний компаниудаа дэмжихээс гадна геополитикийн бодлогын үүднээс гадны хөрөнгө оруулагчдаас хоёр хөрш болоод гуравдагч хөрөнгө оруулагч гэсэн харьцааг барих бололтой.
А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж