ДБЭТ-ын гоцлол дуучин. Түүнийг хэдхэн хоногийн өмнө дэлхийн дуурийн залуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлж, улс Монголынхоо нэрийг өндрөөс өндөрт мандуулж яваад ирсэн гэдгээр уншигчид маань сайн мэднэ. Тэрбээр ердөө гурван жилийн өмнө СУИС-ийг дуурийн дуучны мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн багш Ц.Ерөө нь хүүхдийн дууны уралдаанд оролцож байхад нь тайзны араас сонссон даруйдаа дуучин болмоор байвал яриарай гээд гэрийнхээ утасны дугаарыг өгснөөр шавиа болгож авсан. Сургуульд байхдаа хааяа дуулдаг байсан, наймдугаар ангиас эхэлж хоолой нь бүдүүрч эхэлсэн гэхээс өөр онцлох шинжгүй хүүг Ц.Ерөө багш нь өөрийн гэсэн арга барилаар сургасаар, улмаар ямар ч мундаг дуучид 40 гарсан эр, “дөрөө даасан ат” болсон хойноо барьж авдаг “Риголетто” дуурийн Риголеттогийн ариг хүртэл аажим нухуулсаар эдүгээ дуурийн урлагийн домог болсон мастер Пласидо Домингод тоогдох хүртэл нь замыг нь заах вэ. Сайн багш, сайн шавь хоёр амжилтын оргил өөд ийн тэмүүлсээр. Э.Амартүвшин Сүхбаатар аймгийн хүү. Аав нь багш. “Манай хүүхдүүд айлын жаалуудаас илүү юм идэж уугаагүй. Бид ч тордож бөөцийлсөн нь юу л бол. Эрдэмтэн олон багш нарынхаа зааж сургасныг чихнийхээ хажуугаар өнгөрөөчихгүй хичээл сахилгатай байсных амжилт гаргаж байна” хэмээн даруухан өгүүлэх эцэг нь хүүтэйгээ адил эгэл нэгэн юм билээ. Тос даасан цай, загсааж тавьсан өрөм, өөр юутай ч зүйрлэмээр юм бэ дээ нүнжигтэй сайхан өнгөтэй, тун хүчирхэг хоолойтой 26-хан настай залууд мацах оргил олон биз ээ. Эверестэд гарсан уулчин зодог тайлдаггүйн адил түүний өмнө хийж бүтээх ажил тун ч их байна даа.
Монголын сайхан Юндэн гэхээр бие хаа, царай зүс тэгш, дуулах ур чадвар ч сайтай энэ залууг Г.Ариунбаатар гэдэг. Тэрбээр СУИС-ийг хоёр жилийн өмнө төгссөн. Оюутан байхаасаа эхлээд цагдаагийн “Сүлд” чуулгад дуучнаар ажиллаж байгаад төгсмөгцөө бүрмөсөн очсон хүчний байгууллагын алба хаагч. Дуурийн нэртэй дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди болон СУИС-ийн багш, гавьяат жүжигчин О.Ичинхорлоо нарын шавь тэрбээр эдүгээ 24 настай. Түрүү жил ОХУ-д дуурийн урлагийн мастер М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж мэргэжилд насны ялгаа байдаггүй гэдгийг харуулаад ирсэн уран бүтээлч. Тэрбээр өөрийнхөө тухай илэн далангүй ярьдаг, хүсэл мөрөөдлөө ч хуваалцдаг. “Би чинь юм л бол мал руугаа гараад жийчихдэг хүн дээ. Ойр ойрхон очиж байхад амар юм уу гээд аав ээжийгээ хотод дөт буулгасан. Дээлээ өмсөөд уургаа бариад мордохоороо адуучин болчихно. Тайзан дээр гарахаараа дуучин болно. Энэ миний амьдрал” хэмээн ярихад нь түүнийг сэтгэлдээ адуугаа хураагаад исгэрч яваа морьтон монголоор төсөөлж суусан. Гадаадынхны дунд монголчуудыг ойлгохгүй юм, ази ч юм шиг, европ ч юм шиг, суурин соёлтой ч юм шиг, нүүдэлчин ч юм шиг, тэгээд бас хэл сурахдаа гарамгай, тархи толгойны хөгжил сайтай, нэг бол асар бүдүүлэг хэмээн юу гэж хэлэхээ мэдэхгүй толгой сэгсрэхтэй олон таарсан. Тухайлбал тэдэнд дуучин Г.Ариунбаатарын монгол төрх авир, дуурийн дуучны мэргэжил, уралдааны амжилт, цагдаагийн алба хаагч зэрэг нь бүхэлдээ ойлгомжгүй санагдах гэхээс илүү Азийн цээжин дэх монгол хэмээх үндэстний өвөрмөц онцлогийг мэдрүүлэх буй за.
ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаярыг энэ үеийн шилдэг, ирээдүйн гарамгай баритонудын нэг гэж болно. Тэрбээр ардын жүжигчин Б.Жавзандуламын гарын шавь бөгөөд нас мөн л 24. Хоолойн тембр, өнгийн хувьд дээрх хоёр залуугаас мэдээж өөр, өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй. Хөгжим судлаачид түүнийг тун хөгжимлөг, мэдрэмжтэй дуучин гэдэг. Оюутан байхад нь багш нь тэр бүр уралдаанд сойдоггүй байсан. Анхлан оролцуулсан нь ОХУ-ын Владивосток хотод болсон Зүүн хойд Азийн орнуудын дуурийн залуу дуучдын уралдаан бөгөөд үүнд тэрбээр хоёрдугаар байр эзэлж байлаа. Түүнээс хойш багш, шавь хоёр хэсэг чимээгүй байсан нь алсын зорилготой байж. Тэд Оросын дуурийн урлагийн нэрт мастер М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд хамтдаа явцгаасан юм. Уралдааны шат бүрт амжилт гаргасаар шийдвэрлэх мөчид эх орон нэгт Г.Ариунбаатараас багахан хувийн дутуу амжилт үзүүлсэн байсан. Тэрбээр хоёрдугаар байр эзэлсэн бөгөөд залуу дуучны амжилтын гараа энэ байлаа. Тэрбээр саяхан эх оронд маань болж өнгөрсөн дуурийн алдартан Д.Банди багшийн нэрэмжит дуулаачдын уралдаанд тэргүүлсэн билээ. Э.Анхбаяр Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлд илүү дуртай санагддаг. “Евгений Онегин”-д тогловол нь заавал сонсохыг санал болгож байна. М.Магомаевын дуулдгаар сайн мэдэх “Маритана” хэмээх сайхан дууг тэр “тасархай” дуулдаг. ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн тэрбээр дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын олон сайхан дуурьт гол дүр бүтээнэ дээ.
“Монголын балетийн хөгжил” сангийн тэргүүн, балетийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг үзэгч, уншигчид харин андахаа байсан. Балет хэмээх гоо сайхан, төгс төгөлдрийн илэрхийлэл болсон урлагийн төрлөө эх орныхоо дэлхийн тавцанд олонтаа гаргаж яваа нь энэ залуу билээ. Ийм ч шалгуураар манай редакциас зохион байгуулсан “Дэлхийн монгол” иргэн, байгууллага шалгаруулах санал асуулгаар түүний нэр олны дундаас тодрон гарч ирсэн юм. Сангаа байгуулсан цагаас, түүнээс ч өмнөөс тэрбээр балетийн хөгжилтэй монгол үзэгчдээ танилцуулах зорилгоор төрөл бүрийн тоглолт хийж ирсэн, цаашид ч үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй. Тэрбээр нэгэнтээ балетчиний тайзан дээр байх хугацаа тийм ч их биш. Гэхдээ би тайзнаас буусан ч Монголынхоо балетийн урлагийн хөгжлийн төлөө ажилласаар байх болно” хэмээж байлаа. Балетийн домог Ролан Пети дэлхийн шилдэг бүжигчдийг нэгэн баг болгохдоо манай Д.Алтанхуягийг урьж байлаа. Алдарт “Ла Скала”-гаас авахуулаад дэлхийн аль нэр хүндтэй театрт тэрбээр Монголоороо овоглон бүжиглэсэн. Одоо ч тэр.
Монголын мэргэжлийн хөгжимчдийн шилдгүүдээс өвөрмөц өнгө, тоглолт, өөрийгөө илэрхийлэх байдлаараа, тоглож буй хөгжим, бүтээлээ мэдэрч хүргэх талаараа бусдаас ялгардаг уран бүтээлч бол виолончельч Д.Амармэнд юм. Тэрбээр ХБК-ийг Ариунтуяа багшийн удирдлага дор төгссөн. Нас 20 дөнгөж гарсан. Сонгодог урлагийн өлгий Итали улсад коллеж төгссөнийхөө дараа Америкийн Бостон хотын Хөгжмийн дээд сургуульд суралцаж байгаад эдүгээ Италид үргэлжлүүлэн сурч байгаа билээ. Амралтаараа эх орондоо ирэхдээ тоглолт хийдэг. Тэрбээр багадаа оны шилдэг уран бүтээлчдийг нэгэн дор тоглуулдаг “Virtuoso” гала тоглолтод уригдан тоглож байсан. Тэр үеэс хөгжмийн урлаг сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн. 2008 онд Улсын филармонийн концертын танхимд хийсэн “Грация” тоглолтоороо ирээдүйн виртуоз уран бүтээлч юм гэдгээ харуулсан. Тэрбээр тоглоочийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд хөгжмийн бүтээл туурвих талд анхаарал хандулах болсон нь суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховений зохиолыг тоглохдоо штрихийг нь өөрчлөх гэх зэргээр зориглосон адтай нэгэн.
ЭХ СУРВАЛЖ: “ӨДРИЙН ШУУДАН”