Баатарлаг гавьяаны өмнө мэхийн ёслоод ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Баатарлаг гавьяаны өмнө мэхийн ёслоод ирлээ

Үрэгдсэн амины тоогоор гинжин хэлхээ, урссан нулимсыг орлосон болор унжлага

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ сарын 8-10-нд Москвад болсон аугаа их Эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баярын ёслолд оролцоод ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд багтсан юм. Төлөөлөгчид Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудалд газардмагцаа хотын хамгийн өндөрлөг цэг болох Поклонные гора буюу Хүндэтгэлийн уулан дахь Эх орны их дайны ялалтын төв музейд зочиллоо. Цэрэг дайны урлагийг харуулсан дэлхийн хамгийн том музей энэ гэнэ. Хагас дугуй хэлбэрийн асар том музейн өмнөх мөнхийн гал, хүндэт харуул, тэнгэр өөд тэмүүлсэн ялсан баатрын сүрлэг хөшөө… Гаднаасаа л дэндүү их үнээр олдсон аугаа ялалтын сүр хүч мэдрэгдэх музейн хаалгаар төлөөлөгчид орж улаан хивс дэвссэн гол шатаар өгсөхөд сэтгэлд дотно танил аялгуу эгшиглэнэ. Музейн захирал дэслэгч генерал В.Забровский Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарыг хүндэтгэн угтлаа.
“В дальний степной простор
Песня летит как птица
Сердцу Монгольских гор
Шлет свой привет столица
Родная и привольная поет земля
Россия и Монголия всегда друзья” гэсэн үгтэй манай ахмад, дунд үеийнхэн сайн мэддэг найрамдлын тухай дууны ая музей үзэх завсар эгшиглэсээр л… Баатруудын алдрын, Эгэл дайчдын хэмээн үргэлжлэх танхимуудад Монголтой холбоотой олон үзмэр дэлгэжээ. Эх орны их дайныг зарласан 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр.  ЗХУ-ын хилд Германы фашистууд халдсан тухай эхний мэдээг авмагц МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын зөвлөл хамтран яаралтай хуралдаж гаргасан тогтоол, уг тогтоолд Зөвлөлт улсын нутаг дэвсгэрт халдан довтолсон Германы фашистуудын үйлдлийг эрс буруушаан, жигшин зэмлэж Монголын ард түмэн “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан фронтын найдвартай ар тал болон зогсох тухай дурдсан баримтыг энд дэлгэн тавьжээ.  
Монголын ард түмний сэтгэлийн бэлгээр бүтсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх эскадрилийн түүхээс дэлгэрэнгүй тавьсан харагдана. Бараг 70 жилийн өмнө монгол ээжийн урласан богинохон цагаан нэхий дээлийг шилэн хоргонд өлгөжээ. 1941 оны  өвлийн дүн хүйтнээр герман цэргүүд Москвад тулж ирэхэд Оросын дайчид ялсан нь хөрш Монголын ард түмнээс ирүүлсэн 15 мянган нэхий дээл, эсгий гутал, нэхий бээлийтэй холбоотой гэдгийг дэслэгч генерал В.Забровский дурсан гүн талархал илэрхийлж байлаа.
Музейн хананд дэлхийн II дайнд оролцсон анги салбаруудын нэрийг боржин самбарт сийлэн мөнхөлжээ. Тэнд “БНМАУ. Нисэх эскадриль болон морьт тав, зургаа, долоо, наймдугаар дивиз” хэмээн сийлсэн байна. Халхын голын болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон тэдний гавьяаг Москва дурссаар байдаг ажээ.
Музейд гол тулалдаан болсон хотуудын байдлыг ханын дэлгэмэл зургаар харуулсны дотор Берлинийг эзэлж, ялалтыг зарлан тунхагласан дайны сүүлийн өдрийг бодит мэтээр дүрсэлсэн байв. Түүнийг харахад тулалдаан дунд өөрөө яваад орчихсон мэт санагдана. Энд тэндгүй гал дурэлзэж Рейхстагийн цамхаг утаан дунд сүүмэлзэнэ. Хагарч цуурсан хана, нурсан байшин, гудамж дүүрэн танк, хуягт, тасралтгүй сонсогдох буун дуу, дэлбэрэлт, дайны эцсийн мөчид амь эрсдэгсдийн сүүлчийн хашгираан, цээжин биегүй болсон хөшөөний дэргэд шархтаны цусыг тогтоохоор исгэрэх сумыг үл тоон суух сувилагч бүсгүй, дайн төгссөнийг цагаан хоолойгоор мэдэгдэх Зөвлөлтийн мэдээллийн товчооны шуурхай мэдээ сэлтийг харж сонсоход тэртээ 65 жилийн өмнө биеэрээ оччихсон мэт.
Нэгэн танхимын адраас тоо томшгүй олон гинжин хэлхээ унжуулж болроор чимжээ. Учрыг сонсвол үрэгдсэн амины тоогоор цагариг хэлхэж, урссан нулимсыг орлуулан болор унжлага зүүсэн гэнэ. Дайнд үрэгдсэн 27 сая амийг 27 сая цагирагаар, хүүгээ, дүүгээ, эхнэр, нөхрөө, эцэг эхээ алдан өнчрөгсдийн нулимсыг болроор орлуулан мөнхөлсөн нь энэ ажээ. Ямар олон хүн амь үрэгдэж, яасан их нулимс асгарсныг тэндээс харахад элэг эмтэрмээр.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийнхөө өмнөөс  хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхний үйл ажиллагаа өндөрлөлөө.

“Ийм охидтой Улаанбаатарт бүжиглэж явлаа”
Монголын төлөөлөгчид Москвад очсон өдрөө ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо. Дайнд оролцож явсан Орос, Монголын ахмад дайчдад тэнд Монгол Улсын төрийн одон медаль гардуулсан юм. Цэргийн хүмүүс болохоороо ахмад дайчид  цагаасаа өмнө яваад оччихож. Тэдний ихэнх нь генералууд. Элчингийн үүдэнд Москвад сурдаг монгол охид үндэсний хувцастайгаа зочдыг угтсан юм. Тэднийг хараад ахмад дайчдын сэтгэл хөдөлжээ. “Улаанбаатарт яг ийм охидтой бүжиглэж явлаа” хэмээн тэртээх цагийн дурсамжаасаа дэлгэх янзтай. Нас 80 хол гарч, 90 хүрсэн тэд таяг тулж, хүнээр сугадуулсан ч ясны цэргийнхэн болохоороо
Ерөнхийлөгчийг үг хэлж, шагнал гардуулах үеэр босоод зогсчихов. Бие нь чичирч, өвдөг нь нугарч тэвчээр зааж, байгааг харахаас сэтгэл зовниж суулгамаар санагдавч “Ерөнхийлөгчийг хүндэтгэж байна” гээд борив бохисхийх “цэрэг” олдсонгүй. Тэдний дунд бас “залуус” байсан нь сансрын нисэгч, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, хошууч генерал В.А. Жанибеков, “Монголын анд нөхөр” нийгэмлэгийн тэргүүн ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал В.В. Горбатко нар. Монголчуудын эрүүл мэндийн төлөө зүтгэж яваад 1932 оны бослогын үеэр Архангайд амь үрэгдсэн С.М.Немой эмчийн хүү, доктор А.С.Немой бас ирсэн байв. Тэрээр шинжлэх ухааны том зүтгэлтэн, нэртэй эрдэмтэн хүн ажээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор сансрын нисэгч В.А.Жанибеков, ахмад дайчин хошууч генерал Г.Т.Панкратьев нарыг, “Найрамдал” медалиар ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн ерөнхий командлагч хурандаа генерал А.Н.Постников, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны Алс дорнодын орнуудтай харилцах хэлтсийн дарга В.П.Бойко, ОХУ-ын Онцгой байдлын Гадаад харилцааны газрын ерөнхий мэргэжилтэн С.А.Кухаренкова нарын 11 хүн, Их Монгол Улсын 800 жилийн ойн медалиар ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийн захирлын зөвлөх, хурандаа генерал В.С.Третьяков, ОХУ-ын “Монголын анд нөхөр” нийгэмлэгийн гишүүн, доктор профессор А.С.Немой нарын таван хүнийг шагнасан юм. Батлан хамгаалахын сайд Л.Болд ахмад дайчдын энгэрийг  Байлдааны гавьяаны медалиар мялаалаа. Москвад аж төрж буй хурандаа генерал С.Лувсангомбо, хошууч генерал Ц.Содномдаржаа, С.Санжмятав нарт Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд нар гарын бэлэг гардууллаа. “Монголын анд нөхөр” нийгэмлэгийн тэргүүн, сансрын нисэгч, хошууч генерал В.В. Горбатко нийгэмлэгийнхээ ойн медалиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хариу шагнасан юм.
“Хойч үе биднийхээ төлөө амь биеэ үл хайрлан тулалдсан Та бүхнийхээ гарыг атган, мэхийн ёслох гэж би алс холоос ирлээ. Энэ өдрийг дэлхийн II дайнд оролцсон бүх орнуудын ард түмний нэгэн адил Монголын ард түмэн бахархан тэмдэглэдэг билээ. Миний эх орны 2,7 сая халуун зүрх дайнд амиа алдсан 27 сая Зөвлөлтийн баатрыг мартаагүй, мартах ч учиргүй юм” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн нь ахмад дайчдын сэтгэлийг багагүй хөдөлгөж, Монголд байсан үеэ байн байн дурсч байв.

Харилцаа дотносчээ
Нэг хэсэг хөндийрөх маягтай болсон Монгол, Оросын харилцаа урьдынх шиг дотносох аястай болсон нь сая харагдлаа. Ялалтын зарим ойд Монголын төрийн тэргүүнийг урихаа “мартаж”, эс бол тэр хойно арын эгнээнд зогсоочихдог байсан бол энэ удаад ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэлтэйгээр угтан, эхний эгнээний зочид дундаа урилаа. Бас хүлээн авалтын өмнө элэгсэг яриа дэлгэжээ. Зовох цагт нөхрийн чанараа таниулсан монголчуудад талархлын үгс хаягласан байна.

Зуун грамм водка, зүсэм хар талх, хоёр хэрчим гахайн өөх…
Ялалтын 65 жилийн ойн цэргийн парад сүр жавхаа төгс болж өнгөрснийг хүн бүр харсан болохоор түүнийг үл өгүүлэн эргэн тойрны сонин хачинаас хуучилъя. Баярын гоёлоо зүүсэн Москва хотод 28 орчим градус халуун, усан оргилуурууд сэрүү татуулан солонгорч, модод ногоорч, цэцэгс алагласан нь нутагтаа цаг дулаарахыг хүлээж цөхөрсөн бидэнд гайхалтай сайхан байв. Гудамжаар алхах хүмүүс зуны хөнгөн нимгэн хувцсаа өмсч чухам зоо нь тэнийсэн байдалтай. Энэ өдрүүдийн гоёл нь цэрэг пилотка малгай, гимнастерка цамц, Оросын төрийн далбаа байлаа. Пилотка малгай хэлтгий тавьж, ялалтын тууз энгэртээ зүүн төрийн далбаа, баглаа цэцэг гартаа барьсан хүмүүс гудамж талбайгаар дүүрчээ. Гудамж болгонд тийм наймаа эрхлэгчид эгнэж гүйлгээ ч сайн байгаа бололтой. Аюулгүй байдлын үүднээс хэд хоногийн турш хаасан Улаан талбайг цэргийн парадын дараа нээж гадна дотнын жуулчид, гийчид, москвачууд үерийн ус шиг тийш үелзэн хөвөрч байв. Цэрэг хувцастай хос залуус гудамжинд эргэлдэн бүжиглэх нь ямар ч үед өөрсдийгөө хөгжөөж баясгаж чаддаг орос занг илтгэнэ. Тулалдааны завсар чөлөөнд ч тэд ийнхүү хөгжилдөж амждаг байсан билээ.
Москвагийн найман том өргөн чөлөөнд ард нийтийн өргөн зугаалга болсон юм. Тэнд нэг сонин зүйлээр хэн бүхнийг үнэгүй дайлж байсан нь зуун грамм водка, зүсэм хар талх, хоёр хэрчим гахайн өөх байв. Дайны цагийн өдрийн норм болох тэр зууш “Хүний хувь заяа” киноны гол баатар Андрей Соколов герман цэргийн штабаас эсэн мэнд эргэн ирж хамт хоригдсон нөхдөө дайлж буй хэсгийг өөрийн эрхгүй санагдуулна. Мянга илүү хоног ийм хүнсээр гол залгуулж дайны хүнд хүчир бүрийг нуруундаа үүрч гарсан Оросын ард түмнээр бахархахгүй байхын аргагүй.
Тэрхүү нормын хүнсээр “День победы”-д уригдсан улс орнуудын төр засгийн тэргүүнүүдийн хүндэтгэлийн зоогийг мөн эхлүүлжээ. Цэрэг дашмагийн таган дээрх хундагатай зуун грамм цагаан архи, хоёр хэсэг гахайн өөх тавьсан зүсэм хар талхаар зоог эхэлсэн нь газар газрын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт чухам сюрприз болсон гэхэд хэтрүүлэг болохгүй.

Цагаан морьт Пирли
Улаан талбайд болсон ялалтын парадад  АНУ, Их Британи, Франц, Польш, Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн зэрэг 13 орны 11335 цэргийн албан хаагч оролцсоны дотроос хамгийн дэгжин нь Туркмений цэргийн жагсаалын манлай цагаан морьт Пирли Байрам Дурдье байв. Ганган цагаан морь улаан талбайн чулуун дэвсгэр дээгүүр товор товор алхалсаар яг төрийн тэргүүнүүдийн өмнө ирмэгцээ эрдэм чадлаа үзүүлэн хөлөө өндөр өндөр өргөж бүжиглэх мэт “ёслол”-ын алхаа үзүүлж олныг шагшууллаа. Ганган цагааныг Гейрат гэх бөгөөд ер нь л өндөр дээд угсаатай хөлөг юмсанж. Улаан талбайн хажууд, ялалтын 50 жилийн ойгоор бүтээсэн Г.К.Жуков жанжны морьт хөшөө бий. Жанжны хөшөөг урлахдаа Гейратын элэнц угшил болох азаргыг эх загвараа болгосон гэнэ. Энэ азарганы элэнц угшлийг нь Ашхабадаас залж Москвад авчран хөшөөний загвар болгон тэжээж маллаж байгаад буцаажээ. Тэгвэл одоо 10 настай “ноён” Гейрат ч ялалтын парадад оролцохоор Ашхабадаас онгоцоор ирсэн байна. Нутагтаа бол бүх баяр ёслолын парадад оролцдог лут хүндтэй амьтан гэх. Удам угсаагаараа ялалттай холбоотой байх заяатай адгуус гэж бас байдаг ажээ.

Хөшөө багаддаггүй
Москвад нэг зүйл анзаарлаа. Хөшөө багаддаггүй ажээ. Бидний буудалласан Националь зочид буудал Улаан талбайн дэргэд. Тэнд сүндэрлээд 107 жилийн нүүр үзэж буй уран барилгын энэхүү тансаг дурсгал шинэ цагийн халдлагын гэрч болоод амжжээ. 2003 оны арванхоёрдугаар сарын 9-нд тэнд амиа золиослогч халдлага үйлдэж бөмбөг дэлбэлэн таван хүний аминд хүрчээ. Тэдний дурсгалыг хүндэтгэсэн жижигхэн хар гантиг хөшөөг зочид буудлын замын хажуу дахь зүлгэн дотор байрлуулжээ. Хар гантигийг эмтлэн цохиж, завсар нь нулимс бэлгэдсэн болор суулгасан овор багатай эд. Хажууд нь цэцгийн бяцхан суурьтай, түүнд замын хажуугаар өнгөрөгсөд амьд цэцэг хийж, бас хөшөөний дэргэд тавьж үзэгдэнэ. Үрэгдэгсдээ гайхалтай хайрладаг хүмүүс юм, оросууд.
Манайд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр амиа алдсан таван хүний дурсгалын хөшөө барих газар олдохгүй л байгаа. Тэгвэл тэднийг буудсан Гадаад харилцааны яамны ойролцоох замын хажуугийн зүлгэн дотор тийм жижигхэн хөшөө тавьчихад болох л юм шиг санагдав.
Ингээд Москвад богинохон хугацаанд шахуу хийсэн Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө. Ялалтын баярыг газар дээрээс нь сурвалжлах бүх бололцоогоор хангасан Манежийн талбай дахь Хэвлэл, мэдээллийн төв, ОХУ-д эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд Д.Идэвхтэн, ажилтан Ж.Баярхүү нарт талархал илэрхийлье.
                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж