“Өргөдлийн дагуу Heritage Auctions дуудлага худалдааны газрын мэдэлд буй 49315 тоот хөрөнгө буюу “Тиронназавр Батаар” үлэг гүрвэлийн ясыг хураан авах зөвшөөрлийг олгож байна. Энэхүү тогтоолын дагуу, холбооны маршал, цагдаа эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр томилогдсон ажилтан дээр заагдсан өмчийг хураан авч, дараагийн шүүхийн шийдвэр гартал улсын мэдэлд байлгах үүрэг хүлээнэ. 2012 оны зургадугаар сарын 19. АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн хүндэт шүүгч Кевин П.Кастел” гэжээ.
Техасын “Heritage Auctions” өнгөрсөн тавдугаар сарын 20-нд “Батаар” үлэг гүрвэлийн үлдэгдлийг дуудлага худалдаанд оруулж, 1.052.500 ам.долларын үнэ хүргэсэн билээ. Гэвч үлэг гүрвэлийн ясны үүсэл гаралтай холбоотой асуудал үүссэн учир дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гартал түр хойшлуулаад байсан юм. Монгол, АНУ, Канадын мэргэжилтнүүдийн хамтарсан баг “Батаар”-ыг Говийн Нэмэгтийн орчмоос 1995-2005 оны хооронд олдсон болохыг тогтоож, хууль бусаар гадаадад гаргасан гэж үзсэн. Хожим “Батаар”-ыг Их Британид аваачсаны дараа АНУ-ын хилээр 2010 онд оруулж ирсэн ба анх 15 мянган ам.доллараар үнэлж байжээ.
Нью-Йоркийн Өмнөд дүүргийн прокурор Прийт Барара “Батаар үлэг гүрвэлийг алдсанаар Монголын ард түмний түүх, археологийн үнэт өвийн нэгээхэн хэсэг хулгайлагдаад байсан юм. Харин энэ баялгийг эцсийн дүнд хууль ёсны эзэнд нь өгөх шийдвэр гарсанд сэтгэл дүүрэн байна” хэмээв.
Техасын “Heritage Auctions”-ийн тэргүүн Жим Халперин “Бид Батаар үлэг гүрвэлийн ясыг шүүхийн шийдвэрээс хамаарна гэсэн болзолтойгоор зарсан. Шүүх нэгэнт хураах шийдвэр гаргасан учир одоо энэ асуудал шүүхийн мэдэлд очсон. Талуудыг хохироохгүй, харилцан ашигтай шийдвэр гарсан гэж найдаж байна” гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Батаар” үлэг гүрвэлийн гарал үүслийг тогтоож, маргааныг шийдвэрлэхэд гар бие оролцсон хүмүүст талархал илэрхийлээд, Монголын ард түмний түүх соёлын хосгүй үнэт баялгийг сэргээсэнд баяртай байгаагаа мэдэгдэв.