Монголын урлаг, тэр дундаа жазз хөгжмийн ертөнцөд өнгө төрхөө олж, байр сууриа эзэлсэн “Asian shop” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард жазз стилийн “Asian shop the Jazz album” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан юм. Харин энэ удаад “Монгол жазз” нэртэй цомог гаргахаар завгүй яваа гэнэ. Тэдний шинэ цомог монгол жазз стилийн 12 дуунаас бүрдэх гэнэ.
“Asian Shop” хамтлаг нь Монголдоо төдийгүй Ази тивд жазз урсгалаар уран бүтээлээ туурвидаг анхны эрэгтэй хамтлагаар тодорч байсан бөгөөд 2010 онд Бээжин хотноо болсон Азийн 10 гаруй орны мэргэжлийн залуу уран бүтээлчид оролцсон “Ази тивийн шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулах наадам”-ын, дууны төрөлд шилдэг эрэгтэй хамтлагаар шалгарч, гран-при шагналыг эх орондоо авчирч байсан юм. Мөн тус хамтлагийн гишүүн жүжигчин, дуучин П.Бат-Ундрах “Гэгээн муза-2010” наадмаас “Хязгааргүй” жүжгийн Шөнийн хүний дүрээрээ “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн эзэн болж байсан билээ.
Г.ДАША