Эх үрсийн баярын өдөр зодуулж, Өвөрхангай аймгаас ГССҮТ-д хүргэгдэж ирээд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан хоёр настай охин нас баржээ. “Талийгаач охины ээж хүнтэй гэрлэж, Хэнтий аймагт амьдрахаар явахдаа охиноо төрсөн эгчийндээ үлдээгээд явсан. Харамсалтай нь, төрсөн эгчийнх нь хүүхдүүд болох хүү, охин хоёр бяцхан охиныг дүрсгүйтлээ хэмээн зодсон байж болзошгүй” гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа юм.
Энэ хэргийн талаар Өвөрхангай аймгийн мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Батзаяагаас тодруулахад, “Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Охин нас бараад нэлээн хэд хонож байна. Талийгаачийг ямар шалтгааны улмаас амиа алдсаныг тодруулахаар шинжээчид задлан шинжилгээ хийсэн. Одоогоор хариу гараагүй байна” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ