Цуутай далайн дээрэмчин Жэк Спарроугийн дүрээр нь та бидний сайн мэдэх Холливудын жүжигчин Жонни Депп 14 жил ханилсан эхнэрээсээ салжээ. Жонни Депп 2010 оноос хойш Холливудын тансаг хүлээн авалт, улаан хивсний ёслолууд болон кино нээлтүүдэд ганцаараа очих болсон юм. Түүний хэвлэлийн төлөөлөгч жүжигчин эрийг эхнэр Ванессагаас салсныг албан ёсоор мэдэгджээ. 14 жил ханилсан Жонни Депп, Ванесса нар хоёр хүүхэдтэй бөгөөд хэд хэдэн оронд тансаг харштайгаас гадна 300 сая ам.долларын хөрөнгөтэй гэнэ. Жонни Деппийн эхнэрээсээ салсан шалтгаан нь Амбер Херд гэгч жүжигчин бүсгүй хэмээн ярилцах болсон аж. Жонни Депп, Амбер Херд нарын хамтран тоглосон ”Dark Shadows”, “The Rum Diaries” зэрэг киноны нээлтэд Ванесса очоогүй билээ. Жонни Депп, Ванесса нарыг таарч тохирохоо больсон тухай цуу яриа өнгөрсөн оноос дэгдсэн ч тэд үүнийг үгүйсгэж байсан юм. Жонни Депп эхнэртэйгээ 1998 онд Роман Поланскийн “Ес дэх хаалга” нэртэй кинонд тоглож байхдаа танилцсан юм. Тэрбээр Ванессатай учрахаас өмнө жүжигчин Уайнона Райдер, загвар өмсөгч Кэйт Мосс нартай амрагийн харьцаатай байжээ.
Н.Энх