Бид саяхан японы авьяаслаг зураач Куми Ямашитагийн хадаас, утсаар хийсэн урлалын талаар өгүүлж байсан. Энэ удаа түүний дахин нэг сонирхолтой төслийг толилуулж байна.
Хүмүүс бид орчин үеийн урлагийн олон янзын чиглэл урсгалтай танилцсаар бүр дөжирч орхижээ. Дэлхий даяарх галерейнүүд болон интернетийн уудам орон зайд юу эс үзэх вэ дээ. Гэхдээ ийм олон сонголтын дунд ч Куми Ямашита үзэгчдийг дандаа гайхшруулж, алмайруулж ирсэн. Тэрээр дандаа ер бусын материалыг уран бүтээлдээ сонгодог билээ.
Асуудал гол нь материалдаа байгаа юм биш. Зураач бүсгүй түүгээр бүтсэн агуулга, хэлбэр, фактур, гэрэл сүүдэрт гүн гүнзгий утга санааг шингээж чаддагт л гол учиг нуугддаг. Үүнд гайхах зүйл огт үгүй. Куми японы уламжлалт гүн ухааныг түүнтэй яг эсрэгцдэг америк маягийн “барууны” үзэлтэй хольж бүтээлээ төрүүлдэг.
Кумигийн нэлээд алдартай ажил нь төлбөрийн картны бичгээр хийсэн төрөл бүрийн арьс, насны 6 хүний хөрөг юм. Холоос бол жирийн л график ажил. Харин ойртвол үсэг тоо бүхий жагсаалт, нэр усыг анзаарч болно.
Бас нэгэн гайхамшигтай ажил нь түүний гэрэл сүүдрээр хийсэн туршилтууд. Ямар нэг гадаргуу дээр эмх замбараагүй тараасан биетүүд дээр хурц гэрэл тодорхой өнцгөөр тусч, үүссэн сүүдрээр янз бүрийн дүрслэл биежинэ.
Бага байхдаа ном дэвтрийнхээ буланд хэд хэдэн зураг зураад, хуудсаа хурдан эргүүлэхэд буцхан “хүүхэлдэйн кино” үүсдэг байсныг та санаж л байгаа байх. Яг ийм нөлөөллийг Куми 1990 оны нэг ажилдаа ашигласан юм. Нэг тэнхлэг тойрон эргэлдэх хүний нүүрний 60 контур хоорондоо ярилцаж байгаа юм шиг дүрслэл үүсгэж байжээ. Энэ ажлын видеог бас харж болно шүү.
“Сүүдэр бол хүрээлэн буй ертөнц зогсонги бус харин өөрчлөгдөж байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн хувьд өөрийгөө илэрхийлэх хамгийн сайхан арга” гэж Куми Ямашита ярьдаг.