Монголын хөлбөмбөгийн цомын тэмцээн буюу “Боргио Кап” эхлэхэд бэлэн болжээ. Энэ сарын 25-нд эхлэх уг тэмцээн X хорооллын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн талбайд болох юм. Тус сургуулийн талбай харьцангуй жижиг учраас нэг баг есөн хүний бүрэлдэхүүнтэй тоглох юм байна. Учир нь, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбай засвартай байгаа аж. Маргааш тус тэмцээний сугалаа хөлбөмбөгийн холбооны байранд болно. “Нийслэл лиг”-ээс эхний тойрогт нэг, хоёрдугаар байр эзэлсэн багууд цомын тэмцээний их шөвөгт шууд шалгарах юм. “Боргио Кап”-т түрүүлсэн баг Азийн хөлбөмбөгийн холбооны “President’s Cup”-т оролцох боломжтой. Өнгөрсөн жил л гэхэд “Эрчим” клуб энэхүү тэмцээнд түрүүлж, улмаар Монголын супер цомын тоглолтод лигийн аварга “FC Ulaanbaatar”-ыг хожсоноор тус тэмцээнд оролцсон билээ. Аваргууд ирэх сарын 9-нд тодрох бөгөөд түрүүлсэн баг гурван сая төгрөг гардана.
“СПОРТЫН ШУУДАН” сонин