Жулиан Ассанжи Эквадороос орогнол хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжи Эквадороос орогнол хүсчээ

“Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжи Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас мягмар гаригт улс төрийн орогнол хүсчээ. Түүний цорын ганц сонголт нь Эквадор байсан бололтой. Өмнөд Америкийн энэ орон 2011 онд олон мянган нууц материал алдагдсантай холбоотой шуугианы улмаас тус улс дахь АНУ-ын Элчин сайдыг хөөн гаргах болсноо албан ёсоор мэдэгдэж байсан цорын ганц улс юм. Эквадорын цагдаагийн ажилтнуудын хээл хахууль, авлигын хэргийг дэлгэн тавьсны дараа АНУ-ын Элчин сайд Хитер Ходжес тус улсаас гарахаар болсон нь Ерөнхийлөгч Рафаэль Корреаг шүүмжлэлийн бай болгосон билээ. Хоёр швед эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж буй Жулиан Ассанжи Лондонд гэрийн хорионд байгаа юм. Их Британийн дээд шүүх хэргийг Швед рүү шилжүүлэхийг эсэргүүцсэн Жулиан Ассанжийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Шведийн шүүхэд шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Хэрэг нь Шведийн талд шилжвэл тэд өөрийг нь өстөн дайсан америкчуудад хүлээлгэж өгөх нь гарцаагүй  гэж Жулиан Ассанжи эмээж байгаа билээ. Эквадорын Гадаад харилцааны сайдад уламжилсан захидалдаа Жулиан Ассанжи “Миний амь насанд халдах заналхийлэл, санхүүгийн хориг шахалт болон намайг АНУ-ын талд шилжүүлэн өгөх арга сүвэгчилж буй Их Британи, Швед, Австралийн холбоотнуудын хуйвалдаанаас болж би Эквадороос улс төрийн орогнол хүсэхээр шийдлээ” гэжээ. Жулиан Ассанжийг Пентагон, АНУ-ын Төрийн департаментын хэдэн мянган нууц материалыг олон нийтэд цацсан хэргийн улмаас АНУ-д цаазын дээд хэмжээ авах ял хүлээж байгаа билээ. Эквадорын Гадаад харилцааны сайдын мэдэгдсэнээр тус улс Жулиан Ассанжид улс төрийн орогнол олгоогүй байгаа боловч Засгийн газраар авч хэлэлцэж, шийдвэр гаргах хүртэл түүнийг Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнохыг зөвшөөрчээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж