Мексикийн Лос-Кабост G20 саммит боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Мексикийн Лос-Кабост G20 саммит боллоо

Мексикийн амралтын хотхон Лос-Кабост G20 саммит болж, Европын эдийн засгийн хямрал ба дэлхийн эдийн засгийн хөгжлийн тодорхой асуудлуудыг хэлэлцэж байна.  

Саммитад АНУ, Орос, Хятад, Япон, Герман, Франц, Их Британи, Бразили, Итали, Канад, Мексик, Энэтхэг, Европын холбоо, ӨАБНУ, Австрали, Өмнөд Солонгос, Индонези, Турк, Аргентин, Саудын Араб зэрэг 20 орны лидерүүд оролцож байна. Уг уулзалтад Испани, Колумби, Чили, Этиоп, Бенин, Камбож зэрэг орнуудын төр засгийн тэргүүнүүд уригджээ.

Мексикийн ерөнхийлөгч Фелипе Кальдерон мэдэгдэхдээ, Европын хямрал нь дэлхийн эдийн засагт нөлөөлсөн учраас саммитийн үеэр урт хугацааны тодорхой  төлөвлөгөөг гаргах боломжийг хайна гэлээ. “Тэрхүү төлөвлөгөө нь Европын эдийн засгийн асуудлыг шийдэхэд чиглэгдсэн байхаас гадна дэлхийн эдийн засгийн чухал салбаруудад тодорхой цуврал арга хэмжээг санал болгосон байх ёстой. Энэ нь улс төр, санхүү, татвар, мөнгөний бодлого зэрэг урт хугацааны даяарчлалын хөгжилд түлхэц өгөн, аль болох их ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй бүгдийг тусгасан байх ёстой” хэмээн Кальдерон хэлсэн байна.

Мөн өмнө нь ярилцан тохирсон 430 тэрбум ам.доллараас илүү их мөнгийг евро бүсийн өрийн хямралтай тэмцэхэд зориулан Олон улсын валютын санд оруулах шийдвэрийг G20 гаргаж болох боломжтойг Кальдерон үгүйсгэсэнгүй. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн зэвсэг болох чөлөөт худалдааны үүргийг нэмэгдүүлэх талаар Мексик өөрийн санааг саммитын үеэр танилцуулах гэнэ. “Мөн түүнчлэн тэтгэврийн сан, эмнэлгийн хувийн даатгал, улсын сангууд, даатгалын сангууд зэргийн урт хугацааны нөөц бололцоог дэд бүтцийн салбарын тодорхой төслүүдтэй  холбосон дэлхийн санхүүгийн практик, прагматик механизмыг бий болгох талаар ярилцана” хэмээн Кальдерон хэлсэн байв.

Мөн саммитийн хүрээнд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бололцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэв. Банкны салбарт “Базелийн зөвлөмжийг“ (“Базель-3”) хэрэгжүүлэх ажиллагааг хурдасгахад анхаарал тавих аж.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ түүнтэй холбоотой аюулын талаарх асуудал саммитийн нэг гол зүйл байв. “Энэ асуудлыг шийдэхэд хувийн болон улсын нэлээд хөрөнгө оруулалтыг хөдөө аж ахуйг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулах шаардлагатай” гэж Мексикийн ерөнхийлөгч хэлэв.

Обама Путин хоёр Сирид энх тайван хэрэгтэй гэдэгт санал нийлэв  

 
Лос-Кабост болж байгаа  G20 саммитийн “талбайд”  Владимир Путин Оросын төрийн тэргүүнийхээ хувиар Америкийн лидер Барак Обаматай анх удаагаа уулзлаа. Путин Обама хоёр 2009 оны зун АНУ-ын ерөнхийлөгчийн Москвад албан ёсоор айлчлах үеэр уулзсан байв. Тэр үед Путин ерөнхий сайд байсан юм.

Лос-Кабост Обаматай уулзахдаа тэд олон асуудлаар ярилцаж, сонирхлын хүрээнд харилцан тохиролцсон асуудлууд дотор Сирийн асуудал ч багтан тухай Оросын лидер мэдэгджээ.

Орос, АНУ хоёр “ардчиллыг бэхжүүлэх, Орос, Америкийн ард түмний аюулгүй байдлыг хангах, тэдний цэцэглэлт болон хоёр орон ба олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зогсож буй бусад энгийн биш асуудлуудыг шийдэх талаар нааштай эерэг үр дүнг гаргах чадвартай” хэмээн хоёр улсын лидерүүд үзэж байна. Ерөнхийлөгч нар саналын зөрөлдөөн  тодорхой зүйлүүд дээр, ялангуяа пуужингийн довтолгооноос хамгаалах системийн салбарт байгааг хүлээн зөвшөөрөөд эцсийн шийдвэрийг эерэг гаргах боломжийг хайхаа дурдсан байна.

Талууд  цаашдаа ч уулзалж, дээрх асуудлуудаар харилцан ярилцах болно гэв. Путин Обамаг Орост айлчлахыг урив. Обама түүнд талархаад, Путинг АНУ-д зочлоно гэдэгт найдаж буйгаа хэлжээ. Эдгээр айлчлалын тов зарлагдаагүй бөгөөд намар Обама сонгуульд өрсөлдсөний дараа харилцан айлчлах бололтой.

Сири дэх хүчирхийллийг зогсоох хэрэгтэй

Сирийн цус урсгалтыг зогсоох хэрэгтэй гэдэгт Путин Обама хоёрын санал нийлэв. “Сирийн ард түмэн бие даан ардчилсан замаар өөрсдийн ирээдүйг сонгох боломжтой гэдэгт итгэл нэг байна” хэмээн тэдний уулзалтын эцсийн баримт бичигт өгүүлжээ.

Лидерүүд бүс нутгуудын сөргөлдөөнийг зохицуулахад хамтран ажиллахад бэлэн гэлээ. “Энэ орны хүчирхийллийг зогсоох шаардлагатай, иргэний дайн ба цус урсгалтыг зогсоох улс төрийн үйлдэл хэрэгтэй гэдэгт бид санал нэг байна” хэмээн Обама уулзалтын дараа хэлжээ.

Москва болон Вашингтоны Сирийн талаарх баримталж буй байр суурь олон асуудал дээр зөрөлддөг. Гэхдээ Оросын тал эдгээр зөрөлдөөн нь тактикийн шинж чанартай гэдэг.  Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон оросуудыг Сирид байлдааны нисдэг тэрэг нийлүүлж байна гэж хэлсэн нь чимээгүй өнгөрөөгүй. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэхдээ Орос аль эрт бичигдсэн агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг нийлүүлэх гэрээний биелүүлэлтээ л дуусгаж байгаа болохоос биш Сирид байлдааны нисдэг тэрэг нийлүүлээгүй гэсэн юм. Одоо Сириэс өдөр бүр хүний амь үрэгдэж буй мэдээлэл ирж байна. НҮБ-ын мэдээгээр Сирийн сөргөлдөөнд нийтдээ 12 мянга гаруй хүн амиа алджээ.

Ираны талаарх хэлэлцээр

Хоёр ерөнхийлөгчийн мэдэгдлийн дагуу Орос, АНУ хоёр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шат дараалалтайгаар хэлэлцээрийн замаар шийдэхийн төлөө байгаа бөгөөд тэд НҮБ-ын тогтоолыг биелүүлэх, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай (IAEA) хамтран ажиллахыг Иранаас шаарджээ.

“Цөмийн эрчим хүчнийг энхийн зоруулалтаар ашиглах Ираны эрхийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ өөрийн цөмийн хөтөлбөрөө энхийн зориулалтай  гэдэгт олон улсын итгэлийг сэргээх талаар Иран ноцтой  зүтгэл гаргах хэрэгтэй гэдэгт бид санал нэг байна. Үүний тулд Тегеран НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол болон IAEA-ийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дагуух үүргээ бүрэн биелүүлэн IAEA-тай хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр Ираны асуудлыг дипломат замаар шийдэх цаг хугацаа ба боломж буйн Обама хэлжээ.

Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн сэдэв

Путин, Обама хоёр Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн  талаар яриа хэлцлээ үргэлжлүүлэхээр тохиролцов. “Үнэлгээний хувьд санал бодлын зөрөлдөөнтэй ч Пуужингийн довтолгооноос хамгаалах салбарын зөрөлдөөнтэй асуудлыг шийдэх хамтын хайлтаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо” гэж тэдний мэдэгдэлд өгүүлжээ.

Америкийн Пуужингийн довтол­гооноос хамгаалах даяарчлалын системийн хөгжлийн төлөвлөгөө түүний тоонд Европын систем нь хоёр орны харилцааны гол зөрөлдөөнийг гаргаж байна. Вашингтон уг систем Оросын цөмийн хүчний эсрэг чиглэгдээгүй гэдэгт хуулийн баталгаа өгөхөөс татгалзаж байгаа. Москва хариуд нь Калинград мужид “Искандер” гэх дунд тусгалын баллистик пуужингийн цогцолбор байгуулах зэрэг цэрэг, улс төрийн бусад арга хэмжээг авахаар сүрдүүлж буй юм.

Москва ба Вашингтон энэ сэдвээр байнгын яриа өрнүүлдэг ч эцсийн шийдвэрт хүрээгүй л явна. Хоёр лидер Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах шинэ гэрээний биелэлтийг тэргүүлэх чиглэл болгохоор ярилцав. Мөн стратегийн тогтвортой байдлын асуудлаар яриа хэлцлээ үргэлжлүүлнэ гэдгээ амалсан байна.

БНАСАУ-д хандсан уриалга

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлэн “зургаагийн” өмнө авсан үүргээ биелүүлж эхлэхийг Путин, Обама хоёр Хойд Солонгост уриалаад Солонгосын хойгийн хурцатмал байдлыг даамжруулахгүй байх үйл ажиллагааг Хойд Солонгос явуулна гэдэгт нь найдаж буйгаа тэд хэлжээ.

Хойд Солонгос 2005 онд цөмийн гүрэн гэдгээ зарласан бөгөөд 2006, 2009 онуудад газар доорх цөмийн зэвсгийн туршилт хийжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1718 ба 1874 дүгээр тогтоолуудад хориг арга хэмжээнээс гадна Хойд Солонгосоос цөмийн туршилт хийх, баллистик пуужин хөөргөхөө зогссохыг шаардсан байгаа. Солонгосын хойгийн цөмийн асуудлаар 2003 онд эхэлсэн 2008 онд бараг зогссон зургаан талт гэрээнд оролцогсод нь БНАСАУ, Өмнөд Солонгос, Хятад, Орос, АНУ , Япон байсан юм.

Эдийн засаг ба хөрөнгө оруулалт

Жексон-Вэникийн засварын хуулийг цуцлах нь АНУ-ын засаг захиргааны тэргүүлэх бодлогын нэг гэж Путинд Обама хэлсэн байна. “Бидний бараа эргэлт байх ёстойгоор ихээхэн доогуур хэмжээнд байна” гэж Обама онцоллоо. “Бидний хамтын нэг гол зорилт бол худалдаа ба хөрөнгө оруулалтын холбоог өргөжүүлэх явдал бөгөөд тэр нь эдийн засгийн харилцан өсөлт, цэцэглэлтэд тус дэм болох ёстой” хэмээн Обама тэмдэглэв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа­ны нөөц бололцоог ашиглахад Жексон-Вэникин засвар  саад болж байгаа учраас АНУ түүнээс салах ёстой хэмээн Орос үздэг. 1974 онд батлагдсан энэ засвар нь ЗХУ-д цагаачлал чөлөөтэй биш байсан  явдал болжээ. АНУ 1989 оноос хойш уг засварт жил бүр хориг тавьж ирсэн ч түүнийг Конгресс нь бүрэн цуцлаагүй юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах

Орос, АНУ хоёр хүүхэд үрчлүүлэх асуудал үрчлэгдсэн хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Хүүхэд үрчлүүлэх гэрээнд Москва, Вашингтон хоёр 2011 оны долдугаар сарын 13-нд гарын үсгээ зурсан юм. Уг гэрээгээр хүүхэд үрчлүүлэх журам ба өргөмөл хүүхдүүдийн амьдралын нөхцөлд тавих хяналтыг тогтоож өгсөн байгаа. Улс оронд нь тэр хүүхдийг үрчлэн авахгүй байгаа нөхцөлд гадаадын хүмүүст хүүхдийг үрчүүлэх учиртай ажээ.

“Их хорийн” уулзалтын хүрээнд энэ хоёр ерөнхийлөгчийн тушаалд байгаагийнхаа хувьд анхлан уулзалдаж байна. Тэдний ийм анхны уулзалт тавдугаар сарын 18-19-нд болсон “Их наймын” Кэмп-Дэвидийн саммитаар болно гэж хүлээгдэж байсан ч Путин очиж чадахгүйгаа мэдэгдээд орондоо Медведевийг явуулсан байлаа. Тэдний өмнөх уулзалт нь 2009 оны долдугаар сард Москва хотноо болсон юм. Тэр үед Путин Оросын Засгийн газрыг толгойлж байлаа.

Ш.МЯГМАР 

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж