
-Та ялалтын хүнлэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар ялалтын баярын энэ гайхамшигт арга хэмжээнд бид оролцлоо. Монголын ард түмний дэлхийн II дайнд гүйцэтгэсэн үүрэг бусад улс орныхтой харьцуулахад онцгой байдаг. Аугаа их эх орны дайн эхлэхийн өмнө 1930-аад оны сүүлээр Халхын голын дайн болсон. Өнгөрсөн намар түүний 70 жилийн ойг тэмдэглэж, ОХУ-ын Ерөнхийлөгч оролцсон. Халхын голын дайнд БНМАУ, ЗХУ-ын дайчид хамтарч гаднын түрэмгийлэгчдэд цохилт өгсөн билээ. Эх орны дайны музей үзэж байхад тэнд нэг сонин үзмэр харлаа. Дайн эхэлсэн 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж тогтоол баталсан байна. “Аугаа их эх орны дайн эхэллээ. Зөвлөлтийн ард түмэнд тусалъя. Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад” гэсэн тогтоол гаргажээ. Нэг үгээр хэлбэл дайны эхний өдрөөс улс орноо дайны байдалд оруулсан байна. Таван жил дайны байдалд байсан Ази тивийн ганцхан орон бол Монгол Улс. Монголчуудын өгсөн хөрөнгө, хандив дээр тулгуурлаж танкийн бригад, нисэх эскадриль бүтээсэн. Эх орны дайнаас төрсөн ЗХУ-ын баатруудын 20 нь энэ бригад, эскадриль хоёроос төржээ. Монголчууд хагас сая агт морь бэлэглэсэн. Бүр Берлин хүртэл монгол морь явсан байдаг.
Эх орны дайн 1945 оны тавдугаар сарын 9-нд дуусч байхад Алс Дорнодод дэлхийн II дайн үргэлжилж байсан. Түүнд ЗХУ, БНМАУ хамтран дайн зарлаж өнөөгийн БНХАУ, Манжуур, Алс Дорнодыг чөлөөлсөн. Ингэж манай хоёр орны дайчид дайныг төгсгөсөн байдаг.
Тэгэхээр дайны эхлэл, дайны дундуур, бас төгсгөлд нь Монголын ард түмэн оролцжээ. Сонин хоёр баримт хэлэхэд Г.К.Жуков гэж алдартай жанжин бий. Энэ хүн алдарт жанжин болох анхны ялалтаа Халхын голд байгуулсан. Г.К.Жуков бол дэлхийн II дайнд ЗХУ ялахад хамгийн түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний нэг. Хоёрт, эх орны дайнд ЗХУ-ын 27 сая энгийн иргэн, цэргийнхэн амь үрэгджээ. Монгол Улсын 2,7 сая иргэн тэдний баатарлаг гавьяаг мартдаггүй.
Би сая ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд П.Путин, энд ирсэн бусад улс орны төр, засгийн тэргүүнүүдтэй уулзлаа. Дэлхийн II дайн, Эх орны дайнд ЗХУ ялахад монголчуудын оруулсан хувь нэмэр маш өвөрмөц, онцгой болохыг тэдэнтэй дурсч ярилаа. Нийт Монголынхоо ард түмэнд ялалтын баярын жагсаал дөнгөж сая өндөрлөсөн энэ талбай дээрээс мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Манай орны дэлхийн бусад оронтой хөгжүүлж бэхжүүлж байгаа найрамдал гүнзгийрч, дэлхий дахинаараа сайхан хөгжилд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.
-Парад сайхан боллоо. Та юу бодож байв?
-Би өөрөө цэргийн сургууль төгссөн цэргийн хүн. Парадыг хажуугаас нь харахад үнэхээр сайхан байлаа. Дэлхийн II дайн дуусахад Берлинд АНУ, ЗХУ, Их Британи, Францын цэрэг хамтарч парад хийсэн. Өөр ийм тохиолдол байхгүй. Эдгээр орны цэрэг сая парадад оролцсон нь их сайхан боллоо.
-Манай цэрэг оролцож болох байсан уу?
-Манай талаас санал хэлж байсан. Боломж тааруу байсан байна лээ. Харин
дараа дараагийн ойд манай цэргийн үлээвэр хөгжмийнхөн ч юм уу оролцвол сайхан болох нь ээ гэдгийг эндээс харлаа.
-Та ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ганцаарчилж уулзсан гэсэн. Тэр үеэр юу ярив?
-Эдийн засгийн хөгжил, төмөр замтай холбоотой ОХУ-тай ярих асуудлууд байдаг. Эдгээрийг ярилаа. Төмөр замын Оросын талын удирдлагууд Монголд очиж байдалтай танилцах хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин нартай ярилцлаа. Ураны чиглэлээр хийж байгаа хамтын ажиллагааны талаар ярилцсан.
-Их өрийн үлдэгдлийн талаар өнгөрсөн намар ОХУ-ын Ерөнхийлөгч дурсч байсан. Үүнийг хөндсөн үү?
-Монголросцветметтэй холбоотой өрийн үлдэгдэл бий. Үүнийг хоёр талаас ярилцаж шийдэх нь зүйтэй гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ОХУ-д айлчлах урилгатай байгаа. Энэ талаар санал солилцсон.
-Бусад орны төлөөлөгчтэй юу ярилцав?
-ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркель, БНХАУ-ын дарга Ху Жинтао, бусад орны төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж хоёр талын яриа өрнүүллээ. Баярын үйл ажиллагаанд оролцож байх хугацаанд дундуур нь цаг гарсан. ОХУ-ын Ерөнхийлөгч нэг нэгээр нь уулзаж байх завсар бусад нь хоорондоо уулзаж амжлаа. Израилийн Ерөнхийлөгч Монголд айлчлах төлөвлөгөөтэй байгаа. Урилгыг дахиж нотоллоо. ОХУ-ын Төрийн Думын дарга, Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга гээд бараг бүх удирдлагатай уулзаж ярилцлаа.
Д.ОЮУНЦЭЦЭГ