Торгуулийн улмаас тэмцээний эхний хоёр тоглолтыг өнжсөн Английн шигшээ багийн довтолгооны гол хүч болсон Уейн Рүүни эргэн ирж, багтаа ялалт авчирснаар “Гурван арслан” “D” хэсгийг тэргүүлж, “Евро-2012”-ын шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа. Тоглолтын хоёрдугаар хагаст Рүүнигийн мөргөж оруулсан гоолын ачаар Рой Хожсоны баг хэсгээ тэргүүлэх боломжтой болсон юм. Тэмцээнийг хамтран зохион байгуулагч Украйны шигшээ багт ялалт хэрэгтэй байсан. Нээлтийн тоглолтдоо Шведийн шигшээг хожиж, гайхалтай эхлэл тавьсан тэд харамсалтай нь Английн шигшээд хожигдсоноор тэмцээнийг үдэж байна.
Харин Францын шигшээ баг Шведийн багт 2:0 харьцаатай ялагдсанаар хэсэгтээ хоёрдугаар байрт бичигдэв. Тэднийг хасагдах шатанд тив, дэлхийн аварга Испанийн хүндхэн учраа хүлээж буй. Хэсгийн шатнаас нутаг буцаж буй Шведийн шигшээ хэдийгээр хэсэгтээ сүүл мушгисан ч нэр төрийн хожлоо авч чадсан юм. Өнгөрсөн шөнийн тоглолтод Златан Ибрагимович, Себастьян Ларссон нар гоолджээ.
Т.МАША