Засгийн газар яагаад яараад байна вэ?

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Засгийн газар яагаад яараад байна вэ?

Нэг сая төгрөгөө бэлнээр авах уу эсвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай болох уу гэдгээ иргэд тодорхой шийдэж чадахгүй байгаа. Өнөө маргаашаа бодохоор сая төгрөгөө авчихмаар ч юм шиг алсаа бодвол хувьцаатайгаа үлдмээр ч юм шиг сонголтоо хийж чадахгүй байгаа хүн цөөнгүй байна. Маргаашийн уушигнаас өнөөдрийн өөх гэгчээр зарим нь ч сая төгрөгөө бэлнээр нь авна гэдэг хүсэлтээ хорооныхо о засаг захиргаагаар дамжуулан гаргаад байгаа бөгөөд Засгийн газар хувьцааг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд зарах менежерийн үүргийг гүйцэтгэх юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гараагүй тохиолдолд иргэд өөрсдөө аж ахуйн нэгжид хувьцаагаа зарах боломжгүй. Журамд зааснаар заавал Засгийн газраар дамжуулан үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр хувьцаагаа зарах ёстой.

УИХ-аас өнгөрсөн хавар иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг үнэгүй зарахаар шийдвэрлэсэн бөгөөд хэрвээ иргэн хувьцаагаа авахгүй гэж шийдсэн тохиолдолд үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах боломжийг олгосон. Үүний хүрээнд Засгийн газарт хандаж иргэдийн авахгүй гэсэн хувьцааг авах сонирхолтой байгаагаа одоогоор арваад компани илэрхийлсэн байна. Тэдгээр компаниудаас өнөөдрийн байдлаар нийтдээ 500 гаруй сая төгрөгийг холбогдох дансанд бүрдүүлээд байгаа гэх. Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 31-ний хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг хэмээн тогтоосноор аж ахуйн нэгжүүдийн хувьцааг худалдан авах сонирхол эрчимжсэн гэнэ. Тиймээс энэ сарын 1-нээс эхлэн иргэдээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авах хүсэлтээ зарим аж ахуйн нэгж Засгийн газарт тавьж эхэлсэн байна. Харин Засгийн газрын зүгээс энэ сарын 28 гэхэд хувьцаа худалдан авах хүсэлтэй компаниуд мөнгөө тушаасан байхыг анхааруулж байгаа гэнэ. Хэрвээ  компаниуд зургадугаар сарын 28-наас хожимдож мөнгөө тушаавал хохь нь болох ажээ. Дахиж ийм боломж Засгийн газар олгохгүй бололтой юм байна шүү. Тиймээс алсдаа алт болох “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд мөнгөний эрэлд хатаад байгаа сурагтай. УИХ-аас гаргасан 39,40 дүгээр тогтоолд дурдсанаар  2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татварын ямар нэгэн зөрчилгүй, үндэсний аж ахуйн нэгжид “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь зарах юм. Татварын ерөнхий газраас гаргасан мэдээгээр дээрх шалгуурт 41390 компани тэнцээд байгаа гэнэ. Тодруулбал, 41390 компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авах эрх нь нээгдсэн гэсэн үг юм.  Компаниудын хувьцаа худалдан авахад Засгийн газар хязгаар тогтоогоод байгаа бөгөөд хамгийн дээд лимитийг 36240 ширхэгээр тогтоож өгсөн байна. Үүнийг мөнгөн дүнд хөрвүүлбэл нэг аж ахуйн нэгж нийтдээ 33 сая 818 мянган төгрөгөөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авах боломжтой юм байна. Хувьцаа худалдаж авахыг хүссэн компаниудыг энэ сарын 28-ны дотор хүсэлтээ гаргаж, мөнгөө  харьяа аймаг, сум, дүүргийнхээ татварын хэлтэст тушаахыг Засгийн газраас шахаж эхлээд байгаа гэх. Тус компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн хичнээн ширхэг хувьцаа худалдан авахаа нарийн тооцож, тэрхүү хувьцааг худалдан авах мөнгөө эхлээд тушаасан байх ёстой аж. 

Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлтгэнэ гэгчээр IPO гараагүй байгаа хувьцааг худалдан авахыг аж ахуйн нэгжүүдэд яаравчлуулж буй нь ямар учиртай юм бол гэх  хүмүүс ч байгаа юм. Үнэндээ Засгийн газар хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор амалсан  нэг сая төгрөгийн үлдэгдэл 670 мянган төгрөг, энэ сард өгөөд дуусах “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг  тараах санхүүжилтын эс үүсвэргүй болсон болохоор ийнхүү аж ахуйн нэгжүүдийг яаравчлуулж байж ч болох юм.  Үндэсний аж ахуйн нэгжүүдээс өгсөн мөнгөөр өнөөдөртөө хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “аргалах”-аар шийдсэн байхыг ч үгүйсгэмгүй. УИХ-ын сонгуулийн өмнө хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 670 мянган төгрөгийг нь өгнө гээд хэлчихсэн Засгийн газарт үүнээс өөр гарц өнөөхөндөө харагдахгүй л байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж