
Үнэхээр бид залуу байж дээ. Тэр айхтар ширэнгэ тайгад төөрч эндэхийг алийг тэр гэхэв дээ, чухам л үхнэ гэдгийг унтахын чинээ санахгүй, ёстой л нэг зориг зүрхээрээ жолоодуулаад явдаг байсан.Нэг удаа Үүлийн ангийн хүү Шаарпаны Баярсайхан 10-р сарын дундуур хичээлээс оргоод гэртээ харихаар Цагааннуур явсан дуулдлаа. Шаарпан гуай бол жинхэнэ их тайгын уулын зэрлэг булганы анчин, цаатан хүн байлаа…
…Өнөөх оргодол сурагч Шаарпаны Баярсайхан нь аль хэдийнээ анчин болчихсон байжээ.
Тийнхүү нөхөр маань хөвч тайгаар амь дүйж явсаар Баярсайханаа ч олж аваад буцах замдаа ширүүн урсгалтай өргөн том Шишгэд голыг гатлах хэрэг гарчээ.Шишгэдийн голыг тэр үед гатлага онгоцоор гардаг байлаа. Үүл, Баярсайхан хоёрыг гол дээр ирэхэд сар дээр гараад шөнө ч болсон, гатлага нь голын нөгөө эрэг дээр, усчин нь байхгүй таарч, хичнээн хашгиравч голоор хэн ч гарч ирдэггүй. Тэгэхээр нь Үүл хүлээж тэвчилгүй, өнөө шөнөдөө заавал гарах хэрэгтэй гэж зориглоод онгоцны ган дээснээс зүүгдэн, хоёр хөлөөрөө урхидаж аваад, нүцгэн гараараа чангаан голын нөгөө эрэг рүү нь дээшээ хараад гулгаж эхэлжээ. Их гүнзгий, уулын ширүүн урсгалтай өргөн гол шүү дээ.Тэг дунд нь хүрэх үед татлага нь доошоо цүлхийн унахад Үүл бүх биеэрээ усанд булхан, дөрвөн мөчөөрөө татлаганаас зүүгдсэн хэвээр Шишгэдийн ширүүн урсгалд алгадуулан унжиж хэвтсэн гэсэн.Гарынх нь алга цэврүүтээд, цус гарч, тэсэхийн аргагүй өвдөн, усны урсгалд цохиулсаар тамир тэнхээ нь барагдан живж үхэх тавилантай байдаг байжээ хэмээн бодоод Баярсайхан шавьдаа “намайг урсчихвал битгий наашаа орж ирээрэй, үхнэ шүү, буцаад яваарай” гэж захиж байжээ.Тэгээд яалаа ч гараа тавиад урсалтай нь биш, эхнэр хүү хоёр нь нүдэнд нь харагдаж шүд зуун эцсийн хүчээ шавхан зүтгэсээр голын эрэг дээр гарч, улмаар гатлага онгоцоороо эргэж Баярсайханаа аваад тэр шөнөдөө гэртээ ирж билээ. Ёстой л амь алдахад алхам ойртсон гэсэн үг. Дор нь уулын түргэн гол хөөсрөн урхирч, дээрээс нь өнгийх сүглэгэр их ойн чөлөөгөөр бүрэнхий тэнгэрийн өчүүхэн зурвасаар сар мэлтийн гэрэлтэж, “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” Баярсайхан нь голын эрэг дээр мотоциклоо сойчихсон багшийнхаа хойноос сандран харж, яахаа мэдэхгүй наашаа цаашаа мэгдэн гүйж явсан гэсэн…
…Нэг сонирхолтой юм боллоо. Чонын авд сум даяараа явдаг уламжлалтай юм гэнэ. Өвлийн эхэн сар гараад байтал, амралтын нэг өдөр сумын төвийн албан хаагчид, багш эмч нарыг “ЗиЛ-130” машины тэвшин дээр суулгаж аваад Ринчинлхүмбээс баруун урагш байдаг нэгдүгээр багийн нутаг Хүнхэр тайгыг чиглээд давхилаа. Нэлээд явж байгаад модон дунд буулгаад сумын захиргааны хүмүүс зааварчлага өглөө.Эрчүүд нь чоныг буудах, хүүхнүүд нь нэг талаас нь боохойг үргээж өгөх үүрэгтэй юм гэнэ. Тэгээд бид хэдэн хүүхнүүд ойн нэг талаас бархирч хашгирсаар, нөгөө хэд маань оносон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд, буудаж буудаж чонын үргээлгийн ажил дууслаа. Тэгэхдээ хэд гурвыг унагаасан юм билээ.Тэгээд би Улаанбаатар руу захиа бичихдээ сонин болгож чонын үргээлгийг дурьдчихлаа.Тэгсэн нэг өдөр хадам аав маань сандарчихсан сумын холбоогоор дуудуулан ярьж байна аа. Үргээлгэнд намайг явсныг ихэд зэмлэж, ахиж бүү яв, тэр сайн дурын анчдын онож бууддаг гэж юу байсан юм, тэнэсэн суманд тархиа хага буудуулчихна гэхчлэнгээр зад загнаж билээ.
Багш нарын концерт болоход би таван сартай жирэмсэн мөртлөө тайзан дээр бүжиглэж л явлаа.“Эвсэг гэр бүл” гэсэн уралдаант цэнгүүн болохоор хоёулаа орчихно. Үүл гитараа тоглоод дуулчихна, би төгөлдөр хуур тоглочихно. Клубт нь төгөлдөр хуур хүртэл тавиатай шүү.Сүүлдээ бид хоёр чинь дархад ардын дууг ч дуулчихдаг болсон.
Хөвсгөлийн зохиолч Д.Пүрэвдоржийн “Амьдрал”, “Цээнээрэнз” гэдэг хоёр жүжгийг манай багш нар өөрсдөө найруулан тоглож билээ.Бид хоёрт ч зохих дүр оноосон байсан. Үүл, хүн загнасан нэгэн боловсон хүчний хэнхэг даргын дүрээр хоёр минут орчим тайзан дээр гардаг юм. Нэг удаа аав маань суманд ээлжит эргэлтээр ирж таараад, сумын намын дарга хүндэт зочны баруун гар талд , засаг дарга зүүн гар талд нь тус тус бараа болон суугаад мөнөөх жүжгийг үзэж л дээ. Сумын клубт нутгийнхан хөдөө багаас хүртэл ирээд, Холливудын шилдэг кино үзэж байгаа юм шиг пиг дүүрээд, амьсгаа даран манай жүжгийг үздэг байлаа. Үүлийг тайзан дээр гараад ирнэ гэж даан ч санаагүй аав маань ичиж тулгамдаад клубийн шал гөлрөөд суучихаж гэнэ. Үүл жүжиглэж байх завсраа аавыгаа нүднийхээ булангаар хартал өөрийг нь мэл гөлөрсөн олны дундаас газар шагайсан аав нь торойтол содон харагдсан гэдэг. Жүжиг тараад гэртээ ирснээ аав минь Үүлийн өмнөөс ичээд газрын гаваар орчих шахлаа, хоёр минут чинь явж өгөхгүй ямар их урт байваа гээд л бөөн инээдэм болж билээ…
Үргэлжлэл бий…