Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Тэр Харри Поттер биш

Тэрээр шатны доод талын хонгилын жижигхэн зайд бага насаа өнгөрөөж байгаа. Гэхдээ түүнийг Харри поттер гэдэггүй Улаанаа гэдэг. Умгархан жижигхэн зайд байх нь түүний хувьд шийтгэл биш харин ээжийнх нь олсон сайхан оромж. Ээж нь ажлаасаа халагдвал оромжоо алдаж дараагийн нэгэн Улаанаад боломж гарна.

Улаанаагийнд 43 инчийн зурагт хэрэггүй. Учир нь гэрт нь тэр хогшил уртаараа байтугай өргөнөөрөө ч багтахгүй. Тэдэнд босоо душ байтугай крантны цорго ч байхгүй. Улаанаа хүүд хичээлээ хийж суух ширээ ч байхгүй. Нэг вандан, нэг сандлаас өөр зай үгүй учир түүнд ширээ бэлтгэх хэрэггүй болоод тэр. Гэвч Улаанаа сайн сурдаг. Учир нь тэр “хичээлээ сайн сурвал жинхэнэ байшин машинтай болно” гэж итгэдэг тул хичээдэг. Ангийнхан нь хичээлээ тараад тоглохоор явцгаахад хамт явахыг хүсдэг ч Улаанаа гэр лүүгээ явдаг. Хааяахан нэг ангийхныгаа тоглохыг харж баясах гэж явсан өдрөө тэр уйлдаг. Учир нь түүнийг ээж аав нь “баячуудтай нийлж задарлаа” гэж зоддог. Тэр буруу зүйл хийсэн гэж боддог тул гомддоггүй. Мөн баячууд болон бид нар гэсэн тусдаа хүмүүс байдаг юм байна гэдэгт гомддог. Найзуудаа дагаж явж болохгүйтэй адил хэн нэгнийг гэртээ авчрах хориотой. Үүнийг хэн ч хэлээгүй ч тэр ийм дүрэм бийг зөнгөөрөө мэдэж даган мөрддөг. Нөхөд нь пүүзнийхээ талаар яриа өрнүүлэхэд тэр комиссын дэлгүүрээс авсан гутлаа бусдаас нуухыг хичээдэг. Тэрээр төрсөн өдрөөрөө компьютер авахуулахыг хүсдэг ч “юу авахуулах вэ” гэж асуухад нь “юу ч хэрэггүй” гэж хариулдаг. Тэр автобусанд суух дургүй. Өрхийнх нь зардлын төсөвт Улаанаагийн унааны зардал тусгагдаагүй. Иймд тэр кондукторт нудчуулахаас алхахыг илүүд үздэг. Тэр орондоо орохдоо “өнөө шөнө согтуу залуус манай орцонд л битгий орж ирээсэй” гэж бурхандаа залбираад унтдаг. Өглөөд босохдоо “урд шөнө гайгүй хоносон уу” гэж ээжээсээ асууж сэрдэг.

Улаанаа багшдаа “мөнгө авчирсангүй” гэж загнуулахаас илүү хамгийн мундаг гэж боддог аавыгаа “орц муу цэвэрлэлээ” гэж хэн нэгэнд загнуулахад илүү сэтгэл нь шаналдаг. Тэр “залуу ах нарыг гэр оронтой байж яагаад орцонд шээдэг юм” гэж асууснаасаа болоод зодуулсан. Гэвч энэ талаар гэрийнхэндээ хэлээд дэмий гэх дүгнэлтийг мөн л бие даан шийдсэн.

Гэвч тэр аз жаргалтай. Түүн шиг аав, ээжтэйгээ хамт үргэлж унтах боломж бүх хүүхдэд үгүй. Ээж аав нь муудалцаад өөр өөр өрөөнд орчихдоггүй, унтсан ч тэврэлдээд унтах учир дорхноо эвлэрэхээс аргагүй. Тэдний гэрийнхэн удирдлага булаалдаж хэрэлддэггүй, учир нь тэд зөвхөн фм сонсож оройг өнгөрөөдөг. Өвөлд хүйтэн ч илүү хүйтнийг тэд мэдэх учир дулаахан санагддаг. Өрөөнийх нь халаагуураас илүү өөрсдийнх нь биений илч тэднийг шөнийн хүйтэн дааруулдаггүй. Өглөөд Улаанаа хөнжил дотроо хувцсаа өмсөөд л босно. Өдөр сургуулийнхаа жорлонд орно гэж бэлтгэж 00-ийн цаас хармаалж гарна. Оройд хоол хийх хэсэгхэн хугацаанд л тэдний гэр халчихна. Эхний аягатайгаа идэж эхлэхээс өмнө хацарнууд нь улаа бутарч инээд хөөр цалгина. Ээж нь гурилтай эсвэл будаатай гэх хоёрхон төрлийн хоол хийдэг ч хийсэн хоол бүхэн амттай санагддана. Тэднийд хөргөгч байхгүй. Иймд өдөр бүр хоолны материал авдаг. 

Гэрийнх нь томчууд сонгууль болохыг хүлээдэг. Мөн гэр бүлийнх нь амьдралыг нь бяцхан Улаанаа биш улс төрчид өөрчлөнө гэдэгт найддаг.

Тэр Харри поттер биш Улаанаа. Иймд түүний амьд­ралыг хэн ч сонирхдоггүй..

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж