Үргэлжилсэн бороотой

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Үргэлжилсэн бороотой

Зуны зугаатай өдрүүд эхэлсэн ч зургадугаар сар гарсаар цаг агаар ерөнхийдөө сэрүүвтэрхэн байлаа. “Зун болдоггүй ямар хаашаа жил вэ” хэмээн халаглаж суусан монголчуудад ингээд үглээд бай гэсэн шиг сүүлийн хэдэн өдөр гэнэт л халуун нар шарж, гадаах хэм 32 градус хүртэл халах болсон юм. Хүйтрэхээр нь хүйтэрлээ гэж, халахаар нь халлаа хэмээн ад үзэж, зарим нэг нь бороо ороосой хэмээн залбирах нь холгүй байлаа.

Нийт нутгаар 32 хэмийн халуун, зарим нутгаар 38 хэм хүртэл халж байсан “халуухан” өдрүүд ард үлдэж, харин хур бороотой өдрүүд үргэлжилэх нь. Нохой гаслам халуун гэдэг шиг “халуун” өдрүүдээс халширч суусан монголчууд бороо орох мэдээг бараг алгаа ташин хүлээж авах нь холгүй байна. Настнуудын хэлснээр наадмын өмнө хур их буувал цэцэг, ногоо дэлгэрч, сайхан наадамлах шинжтэй гэх нь бий. 

Аагим халуун өдрүүд үргэлжилж, зарим нутгаар ой хээрийн түймэр нэмэгдэх хандлагатай байсан бол энэ долоо хоногтоо нийт нутгаар  бороотой байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлж байна. Бүр дуу цахилгаантай бороо орох бөгөөд борооны өмнө салхины хурд ширүүснэ гэсэн шүү. Тиймээс малчид, болон иргэд дуу цахилгаантай борооноос сэрэмжилж, цаг агаарын мэдээгээ цаг алдалгүй сонсох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ бороо баруун аймгийн нутгаас зүүн чиглэлтэй орж байгаа гэнэ.

Төвийн болон зүүн аймгийн зарим нутгаар дуу цахилгаантай бороо орж, 19-24 хэмийн дулаан байх аж. Бусад нутгаар ч мөн бороотой орох юм байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм хүртэл сэрүүсч, Говь талын нутгаар 28-33 хэмийн халуун байх бол бусад нутгаар 22-27 хэмийн дулаантай байх юм байна. Өнөөдрөөс  баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн баруун хэсгээр, 21-нд говийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи их төлөв зүүн хойноос секундэд 5-10 метр байх юм. Ойрын хоёр өдөр нийт нутгаар сэрүүвтэр байх боловч цаашдаа халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 17-22, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 30-35 дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Харин хадлан тэжээл бэлтгэж байгаа энэ үед олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. Иймээс хадлан тэжээл бэлтгэдэг ихэнх нутгаар үерийн магадлал өндөр байгаа тул хадлан, тэжээл бэлтгэх ажилд онцгой анхаархыг цаг уурчид анхааруулж байна. Нийт ард иргэд үерийн аюулаас сэрэмжлэх хэрэгтэй байгаа гэнэ.

Ялангуяа голын эрэг сав хавиар зусч буй болон үерийн далангийн ойролцоо буусан айлууд үүнийг анхааралдаа авахад гэмгүй биз ээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж