Боксын рингнээс Бродвейн тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Боксын рингнээс Бродвейн тайзнаа

Нэгэн цагт мэргэжлийн боксын рингийг эзэгнэн байсан Майк Тайсон Холливудын алдарт эрхмүүдийн нэг Спайк Литэй хамтарч Бродвейн тайзнаа ганцаарчилсан шоу тоглолт хийхээр ажиллаж буй гэнэ. Нью-Йорк хотноо тоглох тус шоу “Майк Тайсон: Маргашгүй үнэн” нэртэй байх юм.

Өөрийгөө “дэлхий ертөнц дээрх хамгийн муу залуу” хэмээн тодотгосон тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Лас Вегаст нэгэн шоунд оролцож, шоу бизнест хөл тавьсан юм. Харин одоо ирэх долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 5-ны хооронд нийт зургаан удаа ганцаарчилсан тоглолтоо толилуулахаар шийджээ. Энэ шоу нь Тайсон төдийгүй Спайк Лигийн хувьд ч Бродвей дэх анхны үзүүлбэр болох юм.

1986 онд 20-хон настайдаа хүнд жингийн дэлхийн аварга болсон цагаас алдар нэрийн оргилд байсан Майк Тайсоны амьдрал бусдын адил эрээн бараантай байсан. Хүчингийн хэргээр ял сонсч, гудамжинд танхайрч, хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт нэр холбогдож,  шар хэвлэлийн бай болж явсан үе ч бий. Түүнчлэн мэргэжлийн боксын рингэнд өрсөлдөгч Эвандер Холифилдийг чихийг хазаж, шуугиан тарьсан билээ.

“Маргашгүй үнэн” шоуны үеэр Майк Тайсон амьдралынхаа тухай бүхнийг хүүрнэх гэнэ. Эх нь биеэ үнэлэгч байсан, төрсөн эцэг нь хэн болохыг мэдэхгүй ч эцгээ бодож явсан хүн нь “хүнд гар” байсан, 16 настайд нь ээж нь нас барж, боксын замд орсон гээд амьдралын гэрэл гэгээтэй, хар бараан бүгдийг үзэгчдэд өөрөө “ярих” ажээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж