Хороо хорины ухуулагч

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Хороо хорины ухуулагч

Сонгуулиар солиотой, солиотой юм болохыг алийг тэр гэхэв. Насаараа найзалсан хоёр бүү хэл эхнэр нөхөр хоёр хүртэл “улс төрийн үзэл баримтлалаасаа болж салам хэрэлдээд орон гэр тарах дээрээ ч тулсан л байдаг. Нэг бодлын инээдтэй ч юм шиг мөртлөө тухайн үедээ бол үнэхээр ч ширүүн асуудал дэгддэг нь үнэн. Тээр жил “Өдрийн сонин” Г.Дашрэнцэн “Манай сумын сонгууль” хэмээх элэг хөшим инээдтэй түүх бичиж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Сумандаа л тоотойхон хоёр эр сонгууль болохоор л өглөөнөөс эхлээд салам үзэлцээд оройдоо сумынхаа ганц ажилтай эхнэрийн хоолыг буудах болохоор нэгэн эхийн хүүхдүүд шиг хөтлөлцөн найрсдаг тухай. Мэдээж хэрэг тэр зүйрлэл, адилтгал, зураглал нь элэг хөшөөм. Зарим хүн инээдээ барьж дийлэхгүй “Арай хэтрүүлчихсэн юм биш үү” гэхээр мань өөрөө үнэхээр үнэн болсон явдал гэж нүдээ бүлтэгнүүлэн тайлбарлаад зүтгээд байдаг. Хэдийгээр хэтрүүлэгтэй мэт санагдах ч иймэрхүү инээдэмтэй зүйл одоо ч олон л гарч байгаа.

Бас нэг инээдэмтэй түүх санаанд орчихлоо. Хуучны л үзэл баримтлалаар хувь хүн өөрөө сонголтоо хийх ёстой гэдэг үг урвалт мэт санагддаг хөгшин ээж охиноо /бас ч үгүй  нэртэй сэтгүүлч гэж байгаам аа, охин нь/ уугуул намдаа саналаа өгөхийг өглөө үдэшгүй ятгадаг байж. Мэдээж хэрэг, социализмын үед өсч хүмүүжиж, төлөвшиж амьдралаа төвхнүүлсэн тэрбээр өнөөдөр өөдөөс нь арзалзаад байгаа охиноо ч төрийн цэцэрлэгт хүмүүжүүлж, төрийн мөнгөөр сургасан гээд зүйл бүрээр ухуулалгүй л яахав. Охин нь ч бас олон юм ярилгүй л яахав. Бүр сүүлдээ “Заавал МАХН-д саналаа өг” гэж тулгалтад орсон охин нь “За яахав та намайг загнаж л бай. Эцсийн эцэст би санал өгөх кабенд ороод өөрийнхөө хүслээр дэмждэг намаа дугуйлчихад та яаж мэдэх юм бэ” гэхэд ээж нь “Эхийгээ хуурсан хүн өөдөлдөггүй юм шүү” гэж өмөлзөн уйлахаа шахсан гэдэг.

Харин энэ жилийн хувьд илүү үгэнд дуртай А.Шархүү маань туйлын сонин ухуулагчтай таарлаа. Гэр хорооллын нэгэн буйдхан айлд томоотой гэмээр өвгөн бичиг цаас дэлгэн сууж байна. Сонгууль дөхөөд янз бүрийн ухуулагч хаалга үүд нүдэхээс сэргэмжилдэг эгч маань иргэний үнэмлэх сэлтээ барьчихсан бүлтэгнэж сууна. Учир нь томоотой өвгөн маань хороо хориноос явж байгаа юм гэнэ. Сонгогчдын нэрсийн жагсаалт будиллаа энэ тэр гээд байгаа өнөө үед хүмүүсийнхээ нэрсийг тулгаж яваа юм болов уу л гэж бодтол мань хорооны төлөөлөгч лавшруулан “Аль намд саналаа өгөх билээ? МАН-д саналаа өгөх нь хэн хэн бэ? Өгөхгүй нь хэн бэ” болоод явчихлаа шүү. Бусдын улс төрийн сонголтыг ингэж тулгаж асууж болохгүй, тэр тусмаа хорооны төлөөлөгч гэсэн чинь нүд нь бүлтэгнээд хороо захиргааны төлөөлөгчийн хувьд иргэдийн сонголтын байр байдлыг ерөнхийд нь мэдэж бүртгэж авч байх учиртай маягийн л юм яриад явчихлаа. Ах хүүг жаахан цаашлуулах гээд “МАН-д саналаа өгнө гэвэл тэгээд яах юм бэ, өгөхгүй гэвэл бас яах юм бэ? Намынхаа гишүүд дэмжигчдийг бас тэтгэж дэмжиж, шагнаж урамшуулах юм байгаа биз дээ” гэсэн ч байж “Байж болох л юм” гэж байна. Гэхдээ л хашир хүн гэсэндээ “Яг юу өгөх юм бэ, намын гишүүнд элсэх юм бол тусламжийн гурил будаа өгнө гэсэн үнэн үү” гэж барьцаа ахиулахад “Тийм” гэж хэлэхээ шахсанаа гүлдэсхийгээд чимээгүй болчихлоо. А.Шархүү ч цаашлуулаад “Манайхан чинь уг нь бүгдээрээ л Ардын намынхаа дэмжигчид байгаа юм. Харин тэр цаашаа хараад хэвтэж байгаа өвгөн чинь сүүлийн үед МАХН, Энхбаяр гээд элдэв юм яриад байх болсон шүү. Эртхэн шиг авах өгөх юм байвал наад хүнийхээ санааг л эргүүлж авахгүй бол аягүй бол МАХН-д очоод саналаа өгчих вий” гэж шордоход ухуулагч маань харин “Ардын нам, хувьсгалт нам хоёр чинь угаасаа нэг л нам шүү дээ, Ардын нам л гэдэг нэртэй болсон болохоос. Н.Энхбаяр даргыгаа дэмжиж байвал Ардын намд саналаа өгчихөд л болно” гэж “явсхийдэг” байна шүү. Өөдөөс нь цэц булаацалдаж баахан юм тайлбарлах гэсэн боловч тэрийг ойлгох ч янз алга. Төрийн албан хаагч аль нэг намын өмнөөс ухуулга сурталчилгаа хийх ёсгүй, иргэд нууцаар саналаа өгөх ёстой гээд баахан “бөөлөх” гэсэн чинь хулгай хийж байгаад баригдсан муур шиг л харц нь гөлөн гөлөн ийш тийш гүйж байснаа хавтсаа сугавчлан гарч одов. 

Гадуур нэг иймэрхүү мэдээд ч байгаа юм шиг, мэдэн будилаад ч байгаа юм шиг ухуулагч нар олон байгаа сурагтай шүү, бүр хороо хорины төлөөлөгч гэсэн тодотголтой шүү. Манай хорооны ухуулагч лав МАН, МАХН хоёр бол “төрөхөөсөө” л нэг нам мөн гэдэгт хатуу бат итгэлтэй яваа юм билээ.

А.Шархүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж