Ажлаас халагдах дөхсөний 10 шинж

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ажлаас халагдах дөхсөний 10 шинж

 “Та халагдлаа!”. Энэ богинохон атлаа ихийг өгүүлсэн үг өөр ямар ч үгнээс илүүтэйгээр албан хаагчдын үнхэлцгийг хагалах шахдаг байна. Яагаад мэргэжилдээ муугүй, эрхэлсэн ажилдаа эзэн болсон зарим албан хаагч морь, нохой мэт зүтгэсэн ч энэ үгийг хаана ч очсон байнга сонсож байдаг вэ? Уг нь багахан сэргэлэн зан байхад л чадварлаг, нэр алдар хүссэн олон мэргэжилтэн зөөлөн суудалдаа тухлан үлдэж, түүгээр ч үл барам ажилдаа амжилт гаргаж, албан тушаал ахих байсан. Гэтэл муйхар зангаасаа болж тэд өөрсдийгөө илэрхийлж чадалгүй, авьяас чадвараа булшилж байна. Нөгөөтэйгүүр чадварлаг боловсон хүчнээ алдах нь ажил олгогчид ч халгаатай. Хүн бүр ажлаасаа халагдаад байдаггүй. Ажлаасаа халагдмаар байвал арван шилмэл аргыг санаж явахад илүүдэхгүй.
1.Ямар ч төлөвлөгөөгүй байх. Ажил дээрээ, уран бүтээлдээ амжилт гаргасан хүн бүр тодорхой төлөвлөгөө боловсруулсан байдаг. Цаасан дээр биш юм аа гэхэд ядаж толгойндоо боловсруулсан байх хэрэгтэй. Ямар ч төлөвлөгөөгүй байвал хэзээ нэг цагт ажилгүй болж л таараа.
2.Цаг үеийнхээ уур амьсгалыг мэдрэхгүй байх. Бизнес орчин байнга өөрчлөгдөж байдаг. Тийм болохоор ажлын “мест” хэзээ ч хоосон байдаггүй бөгөөд нийлүүлэлт нь эрэлтээсээ хол давдаг. Хамт ажиллагсад болон таны албан тушаалд санаархагчидтай эн зэрэгцэж, өөрийгөө байнга хурцалж байхгүй бол үхдэл боллоо гэсэн үг.
3.Ямар ч үр дүн гаргахгүй байх. Бизнест амжилт гаргасан хүмүүс бүгдийг тооцоолох хэрэгтэйг ухамсарласан байдаг. Тиймээс өчүүхэн ч гэсэн амжилт гаргаад түүнийгээ ярьж явдаг хүнээс том амжилт гаргачихаад дуугүй явдаг нь илүү хурдан “жийгддэг”. Учир нь түүнийг амжилт гаргасныг ажил олгогч мэдэхгүй.
4.Шуурхай чанарыг хөдөлмөрийн бүтээмжтэй андуурах. Хамт ажиллагсадтайгаа харилцахын оронд цахим шуудангаар захиа илгээхийг эрхэмлэдэг хүмүүс орчин үеийн бараг тэр аяараа автоматчилагдаж, технологижсон орон зайнд улаан нүүрээрээ тулж ярилцах нь ямар чухал болохын утга учрыг ойлгодоггүй. Боломж л гарвал нүүр тулан ярилцаж байх нь ямар ч ажилтны хувьд амжилтын үндэс болдог.
5.Өөрийгөө цорын ганц гэж бодох. Албан газар “тэнгэрийн амьтад”-ад зай байхгүй. Энэ ажлыг яаж хийхийг, яавал үр дүнд хүрэхийг ганцхан би л мэднэ гэж бодож эхэлсэн тэр мөчөөс таныг од чинь хаяна.
6.Асуулт болгоны хариултыг мэддэг байх. Мэдлэг бол хүч хэмээх эртний сайхан үг бий. Гэхдээ хэрэв хэн нэгэн энэ ертөнц дээрх бүхнийг мэддэг царайлах юм бол түүний карьер зогсонги үедээ орно.
7.Өөрийгөө аялдан дагалдагчдаар хүрээлүүлэх. Хэрэв хэн нэгнийг гайхамшигтай мэргэжилтэн гэж хүмүүс шагшин магтаж байгаа бол хоёр зүйл үнэн. Нэгдүгээрт, тэд бол ая тал засагч, бялдууч нар, хоёрдугаарт, тэр этгээд албан тушаалдаа урагшлахаасаа өнгөрчээ. Тэгвэл амжилттай менежер, мэргэжилтнүүд бусдын оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг олж харж чаддаг, хөхүүлэн дэмжихээс биш хоосон магтаалд уярч суудаггүй байна.
8.Бусдыг үнэлэхгүй байх. Ялан дийлэгчид өөрт нь тус болсон хүмүүсийг үргэлж санаж, үнэлж явдаг. Тэгвэл уруудах тавилантнууд бусдын хичээл зүтгэлийн үр дүнг өөрийнх нь мэтээр ярьж, тэдний оруулсан хувь нэмрийг ойлгодог ч үгүй, олж хардаг ч үгүй.
9.Өөрийгөө хоосон магтах. Биеэ хоосон магтах нэг хэрэг. Тэгвэл тодорхой жишээ баримтаар өөрийн амжилтыг зөв сурталчлах нь өөр хэрэг. Уруудагчид эсвэл өөрийнхөө амжилтыг бусдад зөв ойлгуулж чаддаггүй, эсвэл ам бардам, гуя шалдан явдаг.
10. Дутагдлаа олж харахаа байх. Мэдрэмж сайтай ажил хэрэгч хүмүүс эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн ч үр дүнд нэг л хүрэхгүй байгаагаа олж хардаг. Ингэсэн тохиолдолд тэд ойр дотны нөхөд, хамт ажилладаг хүн, эсвэл дээд албан тушаалтнаасаа зөвлөгөө хүсдэг. Улмаар тэд дутагдлаа арилгаж, алдаагаа засаж чаддаг. Харин ийм чадваргүй хүмүүс дараагийн ажлын эрэлд гардаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж