Хуралдааны эхэнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн хоёр хуулийн төсөл хэлэлцэх юм байна.
Хэлэлцэхээр дараалалд оруулсан нэг гол сэдэв нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай асуудал юм.
Үүний дараа Гаалийн хяналтын бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлууд хэлэлцэнэ. Мөн Жагсаалт батлах тухай, Нууц асуудал зэрэг асуудлууд төлөвлөжээ. Эдгээрийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар хэлэлцүүлнэ.
Танилцуулах асуудлуудын хувьд Сангийн сайд Д.Хаянхярваа Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн биелэлтийн талаар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Олон улсын конвенц, зөвлөмж болон Өрхийг дэмжих жилийн эхний хагас жилийн ажлын явцын талаар тус тус танилцуулах ажээ.