16 хаалгатай автобус бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

16 хаалгатай автобус бүтээжээ

Дани улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Superbus” төслийн хүрээнд эхний ээлжийн супер автобус бэлэн боллоо. Тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Мелани Шульц ван Хаэген-Маас Геестеранус уг автобустай танилцаж, хөдөлгөөнд оролцох дугаарыг нааж өгчээ.

“Superbus” 15 метрийн урттай, 16 хаалгатай, 23 зорчигчийн багтаамжтай юм. Уг хөлөг 250 км/цаг хурдлах чадвартай гэж зохион бүтээгчид мэдэгджээ. Үүнийг орчин үеийн хурдны замд тохирсон автобус гэж тодорхойлоод байгаа аж.

Долоон сая ам.долларын өртөгтэй “Superbus” төслийн хүрээнд шинэ автобусыг Данийн физикч, сансрын нисэгч Бюббо Йоханнес Оккелс тэргүүтэй Делфтийн техникийн их сургуулийн мэргэжилтнүүд зохион бүтээсэн байна.

Бюббо Йоханнес Оккелс ярихдаа “Энэ бол яг л галт тэрэг шиг хэлбэртэй. Хамгийн чухал нь зорчигчдын амар тайван, тав тухтай байдлыг хангасан онцлогтой. Одоогийн энгийн загвартай автобусыг бодвол аюулгүй байдал харьцангуй сайн гэдгийг загвараас нь харж болно” гэжээ. Түүний ярьснаар энэхүү автобусны рамыг хоёр салгаж, сайн чанарын гангаар цутгасан аж.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж