Аунг Сан Су Чи хүндэт элчин сайд болов

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Аунг Сан Су Чи хүндэт элчин сайд болов

Мьянмарын ардчиллын төлөө цогтой тэмцэгч Аунг Сан Су Чи  Европ дахь аяллаа Нобелийн шагналын өлгий нутгаас алдарт U2 хамтлагийн эх оронд үргэлжлүүлж байна.

Аунг Сан Су Чи Норвегид айлчилсан дөрвөн хоногийн айлчлалынхаа сүүлчийн өдөр Осло хотод энх тайвны зуучлагчдын уулзалтад U2 хамтлагийн ахлагч Боногийн хамт  оролцсоныхоо дараа Ирландын Дублин хот руу өөрт нь зориулсан хүндэтгэлийн концертыг үзэхээр нисчээ.

Түүнийн Дублин хотын нисэх буудалд буухад Ирландын Гадаад харилцааны сайд Имон Гилмор угтан авчээ. Мьянмарын ардчиллын төлөө цогтой тэмцэгч Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинстэй уулзсаныхаа дараа Ирландын Риверсайдын театрт зочилжээ. Түүнийг театрт зочлох үеэр хэдэн мянган Ирландчууд талархан угтаж, алга ташин хүлээн авчээ.

Аунг Сан Су Чи Ирландын театрт U2 хамтлагийн ахлагч Боно, Нобелийн шагналт яруу найрагч Симус Хини нарын хамт хүрэлцэн очжээ. Хүний эрхийг хамгаалах “Эмнести интернэйшнл” байгууллагаас зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр Ирландын шилдэг дуучид, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, түүнд хүндэтгэл үзүүлжээ.

Театрын тайзыг Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгчийг 2010 онд гэрийн хорионоос суллагдсаныг бэлгэдэж, шувууны торыг нээсэн мэтээр зассан байжээ. Хүндэтгэлийн концертын үеэр Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч бүсгүйд Ирландын алдарт U2 хамтлагийн ахлагч Боно “Эмнести интернэйшнл” байгууллагын хүндэт элчин сайд өргөмжлөлийг гардуулсан байна.

Аунг Сан Су Чиг хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагын хүндэт элчин сайдаар өргөмжилснийг Боно 2009 онд Дублин хотод болсон U2 хамтлагийн концертын үеэр мэдэгдэж байсан билээ.

Өргөмжлөлийг гардуулахдаа Боно Аунг Сан Су Чид хандан “Өнөө орой бид танд дуугаа зориулж дуулах болно. Энэ бол хүн бүхний сонсохыг хүсч буй таны тухай дуу юм” гэжээ. Дублинд болсон концертын дараа Аунг Сан Су Чиг Дублин хотын “эрх чөлөөт эмэгтэй” хэмээн зарласан байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж