Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

“Хэрэв би салхи байсан бол… Газар дээгүүр дүүлж”… гээд л ээж болсон дэлхийгээ бүхий л гоо сайхан, үзэсгэлэнт газар нутаг, этгээд сонин ургамал амьтантай нь, хамаг л нууцтай нь бишрэн харах мөрөөдөлд хэн хүнгүй автах цаг үе байдаг аа… Гэвч энэ нь цаг зав хийгээд хөрөнгө мөнгөнд баригддаггүй цөөн хэдэн буянтай хүнд л оногдох хувь заяа билээ. Харин бусад “хар түрүүт” бидэнд энэ гаригийн өнцөг булан бүр дэхь гайхамшигтай гэрэл зургийн аялал хэлбэрээр танилцах боломжийг National Geographic долоо хоног болгон олгодог нь юутай гайхамшиг. Сайхан уламжлал үргэлжилсээр…

6 сарын 11

Зурагчин Нара цэцэрлэгээр зугаалж, интоорын навчсыг амгалан хивэх буган сүргийг харж явжээ. Гэнэт салхи хөдөлж, мододоос мянга мянган навчсыг хийсгэн бужигнуулахад газар ягаан цасаар хучигдсан мэт болов. Яг ийм гайхамшигт агшныг япончууд “Хана Фубуки” буюу “цэцгэн хуй” гэж нэрлэдэг.

6 сарын 12

Мадагаскар бол онгон байгалийн эх орон, этгээд сонин амьдралын хэлбэрээр бялхах бяцхан тив билээ. Арлын баруун эрэг дээр, Морондава хотын ойролцоо Баобаб модны гудам нэртэй эртний ой бүхий гайхамшигт дурсгалт газар байдаг. Энэ нь нутгийнхны хувьд ариун газар юм. Зарим мод нь 1000 гаруй жилийн настай бөгөөд он жилийн чанадаас үнэхээр л ид шид, ёр билгийн салхи сэвэлзэнэ.


6 сарын 13

Альпийн нуруун дахь нэн үзэсгэлэнт уул Маттерхорн Швейцари, Италийн хил дээр байрлана. Авирахад маш бэрх, ялангуа, Итали талаасаа, энэ уулыг довтолсон олон оролдлого бүтэлгүйтсэн билээ. Харин шөнө дөлөөр сарны гэрэл дэхь дүр зураг нь бол үнэнхүү биширмээр.


6 сарын 14

Амбан захирагчийн зуслан (Governor’s Camp) бол Кенийн хамгийн том бөгөөд жуулчдын дунд хамгийн алдартай зуслангийн нэг юм. Их нүүдлийн үеэр арслангууд хийх юмаа олж ядан наранд нозоорно. Энэ арслангийн гэр бүл яг л тэр “ажлаа” хийж байна. Зулзаганууд эцэг эхийнхээ хажууд тухтайхан хэвтэр олохыг хичээнэ.

6 сарын 15

Хүмүүс ихэнхидээ ширүүн борооноос нуугдахыг л хичээдэг. Тэгвэл Чилид яг энэ зургийг авах үеэр цутгасан хүчтэй аадраар зурагчны маань дүү охин шууд л ус руу шургажээ. Учир нь ийм сайхан зураг авах гэж…

6 сарын 16

Ираны Исфахан хотод Заянде голын дээгүүр 11 гүүр байдаг. Гэхдээ тэдний дундаас, ер нь аль ч гүүрэн дундаас, хамгийн үзэсгэлэнтэйд Хажу гүүрийг тооцдог. 100 метр урт, 8 метр өргөн Исфаханы хамгийн гайхамшигтай газрын нэг энэхүү гүүр 2 давхар. Дээдэх нь тэрэгнийх, доодох нь явган хүнийх. Өнөөдөр гүүр хотын оршин суугчид болон жуулчдын хувьд зугаалах хамгийн дуртай газрынх нь нэг. Ялангуяа, шөнийн харанхуйд энэ байгууламж тун гоёмсог. Тал талаасаа гэрэлтсэнээр ямар нэг орд юм уу хийд мэт харагддаг.

6 сарын 17

Кайо Кайо арал бол Кубын төв хэсэгт орших бөгөөд маш гоёмсог наран шарлагын газраараа алдартай. Тэдгээрийн нэг нь жуулчдыг ховхдон татдаг Плайя Фламенко… Тосон бор өнгийн элстэй энэ эргийг хөвөөлөх болор тунгалаг усанд нь төрөл бүрийн далайн амьтадтай таарч болно. Чухам ийм учраас л дайверууд энэ газарт бас шавдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж