Монгол Улсад ийнхүү хөдлөх хөрөнгийг банкны болон бусад бүх үйлчилгээнд барьцаа болгон үзэх талаар хууль, эрх зүйн орчин байгаагүй юм. Тиймээс ч өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийг Төрийн нэгдсэн бодлогоор дэмжих томоохон ажлын нэг бол энэхүү хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль эрх зүйн орчинг бий болгох ажээ.
Энэ талаар сүүлийн жилүүдэд нэлээд асуудал хөндөн, гадаад дотоодын мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлгүүд өрнөсөн юм. Үүгээр барьцаат зээлийн шинэчлэлийн асуудлыг хөндөхдөө хөдлөх хөрөнгө гэдэгт тухайн бизнес эрхлэгчийн агуулахад буй ашиглагдахуйц хөрөнгө буюу түүхий эд, материал, машин, тоног төхөөрөмж, дансны авлага зэргийг авч үзэж болох тухай дурдаж байсан. Хамгийн ойрын жишээ бол, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн бизнесээ өргөжүүлэхийн тулд банкнаас зээл авах хэрэгтэй болоход үл хөдлөх хөрөнгийг банкны зүгээс шаардлага тавьж байгаа юм. Харин хангалттай үл хөдлөх хөрөнгө байхгүй тул зээл авч чадахгүй болох нь. Тиймээс өөрт байгаа хөрөнгөөр банктай харилцан итгэлцэл үүсгэж, хөдлөх хөрөнгөөрөө зээл авч болох нэгэн гарцыг уг хууль эрх зүйн орчин хангах юм.
Дэлхийн банкнаас хөгжиж буй орнуудын бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд тус орнууд дахь бизнес эрхлэгчдийн эзэмшиж байгаа нийт хөрөнгийн 78 хувийг хөдлөх хөрөнгө буюу дансны авлага, машин, тоног төхөөрөмж, үлдсэн 22 хувийг үл хөдлөх хөрөнгө эзэлдэг байна. Санхүүгийн байгууллагууд энэ их хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээл олгох сонирхолгүй байдаг нь үүнийг зохицуулдаг хууль эрх зүйн орчин сул байдагтай холбоотой ажээ. Хэрэв хөдлөх эд хөрөнгийн барьцаалах асуудлыг хуулиар бодлогын төвшинд зохицуулбал жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэн тэлж, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх томоохон ажил эхлэх гэнэ.