Дархан цаазтай Хустайн нуруунаас өнгөрсөн сарын сүүлчээр хулгайгаар 13 буга алагдсан хэрэг гарсан билээ. ТэДний дөрвөн согоо нь хээлтэй байсан аж. Хулгайн анчид бугын чив, засаа, сүүл, хэл, цусан эвэр, сав бүр цусыг нь юүлж авсан гэх мэдээлэл бий. Өнгөрсөн жилээс хойш Төв аймгийн Алтан-булаг, Аргалант сумын нутаг Хустайн нуруунаас 40 орчим буга алагдсан ч өнөөдрийг хүртэл хулгайн анчдыг илүүлэн тогтоож чадаагүй. Харин дээрх алагдсан бугануудын эд эрхтнийг худалдаж авсан ченжүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтооң, саатуулаад байгаа аж.
Цагдаагийн мэдээлснээр уг хэрэгт холбогдуулан Дархад Бямбаа хочит Хөвсгөлийн Баянзүрх сумын иргэн П.Бямбаа, Увс аймгийн харьяат Н.Бямбадорж нарыг саатуулжээ. Тэднийг саатуулах үед Дархад Бямбаагийн гэрээс 86 ширхэг бугын сүүл, 20 баавгайн савар; есөн хүдрийн заарь гахайн засаа, бугын чив зэрэг гарсан бол түүнд бараагаа худалддаг гэх Бямбадоржийн машинаас 30 гаруй бугын эвэр мөн тооны чив, сүүл гарсан байна.
Дээрх эд зүйлийг худалдан авсан ченж нар бугыг хэн агнасан, тэдэнд хэн бараа нийлүүлдгийг маш их нууцалж байгаа бөгөөд мэдүүлэгтээ “Утсаар ярьж, буриадуудаас авсан. Утасны дугаарыг нь тэмдэглэж аваагүй” хэмээн мэлзэж байгаа аж. Мөн эл хэрэгтэй холбогдуулан УМБГ-аас “Цайз” захын ченжүүд болох Д.Дашзэвэг, Т.Тугбаатар түүний эхнэр Н.Нарангэрэл, эгч Н.Нарантуяа, Ц.Цэндхүү нарыг саатуулж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Эдгээр этгээдүүд хориотой ан агнуурын эд эрхтнийг худалдан авдаг байсан ченжүүд аж.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин